Цэрэгт элэгтэй эгэл жирийн нэгэн ээжтэй танилцана уу. Зургаан хүүгээ Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн жинхэнэ албыг биеэр хаах журамт үүргийг нь гүйцэтгүүлсэн эх оронч ээж бол Төв аймгийн Сэргэлэн сумд ажиллаж, амьдарч буй М.Баасанжаргал юм. Тэрбээр зургаан хүү, хоёр охин төрүүлсэн бөгөөд бүх хөвгүүдээ Зэвсэгт хүчинд цэргийн алба хаалгасан буурал санж. Энэ тухайгаа “Цэргийн албаар дамжсан хүн амьдралдаа барддаггүй, амжилтандаа сагадаггүй, ахархаж томордоггүй, хүндтэй харилцаж сурсан, бусдыг хүндэлж дадсан зөв хүмүүжил суудагт гол утга учир нь байгаа юм. Зэвсэгт хүчин миний хүүхдүүдийг эр хүн болгож хүмүүжүүлсэн буянтай салбар. Хэдий хөгшин бид хүүхдүүдээ зөв хүн болгох гээд ардын ухаанаар хүмүүжүүлсэн ч, цэргийн алба олны дунд явах ухааныг нь зааж зааварладаг юм байна гэдгийг ойлгосон. Том хүү А.Бямбацогт Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж ирсний дараа дүү нар нь жил дараалан л явцгаасан. Нэгийг нь хадаг, сүү бариад угтаж авч байхад нөгөөх нь “Баяртай, ээж ээ. Сайн сууж байгаарай” гээд цэргийн машинд суугаад явж байлаа шүү дээ” гээд хөвгүүдээ эр цэрэг болгосон талаараа хуучиллаа. Түүний хэлсэнчлэн том хүү А.Бямбацогт Зэвсэгт хүчний 167, А.Мөнхбат Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангид, А.Мөнхбаяр Зэвсэгт хүчний 119, А.Мягмардугар Зэвсэгт хүчний 336, А.Сэр-Од Зэвсэгт хүчний 326, бага хүү А.Отгонбаатар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хугацаат цэргийн албыг нэр төртэй хаажээ. Тэднээс цэргийн албанд улирсан нь дунд хүү А.Мягмардугар, бага хүү А.Сэр-Од нар аж. А.Мягмардугар нь ахлагч цолтой, өдгөө Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд гал сөнөөгчөөр ажилладаг байна. Энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа оролцсон туршлагатай. Бага хүү А.Сэр-Од нь мөн ахлагч цолтой, тус нэгтгэлд харуулчнаар ажилладаг, өдгөө БНӨСУ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. М.Баасанжаргал гуайн зургаан хүүгээс гадна хүргэчүүл нь ч гэсэн Зэвсэгт хүчиндээ хугацаат цэргийн албаа хаасан эрчүүд байдгийг нь сонсоод цэрэгт элэгтэй ээжээр бахархаж, хүндлэх сэтгэл аргагүй төрж байлаа.