“Эх орны манаа” сонинг үүсгэн байгуулж, хилчин, уншигчдын гарт хүргэж эхлээд хэдийн 80 жил өнгөрчээ. Цэргийн гавьяаны одонт хилчдийн хэвлэлийнхэн ойгоо угтаж ХХЕГ-ын дэмжлэгтэйгээр “Хилийн өнгө” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд зориулж дэлгэжээ. ОХУ-ын Шинжлэх ухааны соёлын төвд өнөөдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэлийн авсан 80 бүтээл тавигдах юм. МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1940 оны аравдугаар сарын 3-ний А/23 дугаар тогтоолоор анх “Эх орны манаа” сонинг хилчдэд зориулж гаргахаар болсон түүхтэй. Түүхт сонины ойн хүрээнд цэргийн байгууллагуудын хэвлэл мэдээллийнхний дунд “Эх орны манаа-80” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм байна.