Жил бүрийн ахмадын баярын энэ өдөр Монголын Урчуудын эвлэлийн ахмад зураачид өөрсдийн бүтээлийн дээжээс уран зураг сонирхогчдод, үзэсгэлэнгээ дэлгэдэг уламжлалтай. Тэр ч утгаараа өнөөдөр "Эртний сайхан" уран бүтээлийн үзэсгэлэнгээ МУЭ-ийн "Б" үзэсгэлэнгийн дэргэд шинээр баригдсан "B CONTEMPORARY ART GALLERY"-д нээлээ.
Энэ жилийн үзэсгэлэнг МУЭ-ийн гишүүн, зураач П.Ганбат өөрийн санаачлан, байгуулж буй шинэхэн галерейд нээж байгаагаараа онцлог бөгөөд нийт 50 гаруй уран бүтээлчдийн 80 гаруй бүтээл тавигдаж байгаа аж. Бүтээлийн хувьд уран зургаас гадна баримал, хатгамал, зээгт наамал зэрэг төрлийн бүтээлүүд дэлгэгдэж байлаа.
Галерейн нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар оролцож, шинэхэн галерей байгуулж, уран бүтээлчдийг дэмжиж ажилласан П.Ганбатыг барилгын тэргүүний ажилтнаар шагнасан бөгөөд тус галерейн үүдэн хэсгийн ажил гүйцэд дуусаагүй байсныг онцолж, үүдний хэсгийг нь тохижуулж өгнө хэмээн амласан юм. Мөн нээлтийн үеэр МУЭ-ийн ахмадын хорооны дарга Б.Гантулга, МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар нар ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ. Үзэсгэлэн энэ сарын 10-н хүртэл явагдана. Ингээд тус үйл ажиллагааны үеэр МУЭ-ийн удирдлагууд болон ахмад уран бүтээлчдээс дараах яриаг тодрууллаа.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй
МУЭ-ийн гишүүн П.Ганбат "Өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн отгон галерей нээгдэж байна. Өчигдөр бас нэг галерей нээгдсэн. Тэр ч утгаараа Монголд ар араасаа галерей нээгдэж байгаад баяртай байна. Энэхүү галерейгээ бид өнөөдөр ахмад зураачдынхаа бүтээлээр нээж байна. Ер нь тэгээд урлаг хүнийг хөгшрүүлдэггүй гэдгийг манай ахмадууд харуулж байгаа юм. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Бид ахмад уран бүтээлчидгүйгээр сайн уран бүтээл туурвих аргагүй шүү дээ" гэсэн юм.
МУЭ-ийн ахмадын хорооны дарга Б.Гантулга "Өнөөдөр бид олон улсын ахмадын өдрийг тэмдэглээд 30 дахь жилтэйгээ золгож байна. Мөн шинэ галерейд ээлжит үзэсгэлэнгээ нээж байгаад тун баяртай байна. Манай зураачдын хувьд дөрвөн урлантай. Тэндээ амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Түүнчлэн цар тахлын улмаас бид хоорондоо уулзах нь цөөрч, чөлөөт цаг их гарсан. Өнөөдрийн үзэсгэлэнд бид жил гаруйн хугацаанд бэлтгэсэн. Тэр ч утгаараа өнөөдөр бие биетэйгээ уулзаж, баяраа тэмдэглэн, давхар үзэсгэлэнгээ дэлгэж байгаад баяртай байна" гэв.
Үргэлжлүүлэн түүнээс Урчуудын эвлэлийн цаашид хийх ажлаас тодруулахад "Монголын Урчуудын эвлэл анх 1956 онд байгуулагдсан. Түүнээс өмнө 1942 онд зураг урлалын байгууллага гэж байгуулагдсан. Түүнээс хойш 77 жил болж байна. Ирэх 2022 онд 80 жилийн ой болно. Энэ хооронд Монголын дүрслэх урлаг хэрхэн яаж хөгжсөнийг илтгэх нь манай уран бүтээлчид. Сүүлийн үед манай залуу уран бүтээлчид олон улсын тэмцээн наадмуудад амжилттай оролцож, тэргүүн шагналуудыг хүртэж байгаагаас харахад орчин үеийн дүрслэх урлаг хэрхэн хөгжиж байгаа нь харагдаж байна. Бид дэлхийн урлагаас хоцроогүй гэдгийг дээрх жишээ илтгэж байгаа юм. Бид удахгүй Чингис хааны ордны музейд уран бүтээлүүдээ тавихаар бэлтгэж байна" хэмээн ярьсан юм.
Ахмадууд бид залуу хүн шиг сэтгэж бүтээлээ туурвих хэрэгтэй гэж боддог
СГЗ ,МУЭ-ийн зураач Н.Адъяабал "Монголын Урчуудын эвлэлийн залуу уран бүтээлч Ганбат маань урлангийн хажууд шинэ галерей нээж, ахмад зураачдынхаа уран бүтээлээр нээж байгаад баяртай байна. Тус үзэсгэлэнд би өөрийн нэгэн "Сэтгэгдэл" нэртэй бүтээлээ тавьсан. Миний хувьд гадаад дотоодын зөндөө уран бүтээл бий. Настай хүмүүс залуу хүн шиг, орчин үеийн байдлаар сэтгэж бүтээлээ туурвих хэрэгтэй гэж боддог. Тэгээд Ганбат дүүдээ баярлаж байгаагаа илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
МУЭ-ийн шагналт зураач Н.Оросоо "Урчуудын эвлэлийн хорооноос жил бүр ахмадын баяраараа ахмадын хороотойгоо хамтран ахмад зураачдынхаа үзэсгэлэнг гаргадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай залуу уран бүтээлч Ганбат шинэ галерей байгуулж, нээлтээ ахмадын үзэсгэлэнгээрээ нээж байна. Тэгээд Ганбат зураачдаа бас талархаж байгаагаа уламжилъя. Миний хувьд энэхүү үзэсгэлэнд говь нутгийн зургаараа оролцож байна. Ер нь байгалийн чиглэлээр голчлон зурдаг. Урчуудын эвлэлд 40 жил гаруй ажиллаж байна. Баянхонгор салбарын зураач хийж байгаад саяхан орж ирсэн. Тэгээд нийт уран бүтээлчиддээ эрүүл энх, уран бүтээлийн өндөр амжилт хүсье" гэлээ.