XX дугаар зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн өмнөх талбайд хүндэтгэн залжээ.
Тодруулбал, уран барималч А.Ихбаньдын урласан тус хөшөөний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж, тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр болон үр хүүхдүүд, ач, зээ нар нь оролцсон байна.
Мөн энэ үеэр их зураачийн хөшөөний нээлтэд зориулан Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд гурван насны ангиллаар зохион байгуулсан гар зураг, шүлгийн уралдааны дүнг танилцуулж шагналыг гардуулжээ.
Ташрамд дурдахад, Балдуугийн Шарав нь Монголын дүрслэх урлагт гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвиж, Монголын нэг өдөр, Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам, “Ленин” зэрэг алдарт бүтээлүүд туурвисан юм.