Сэтгүүлчид Төрийн ордонд тогтоосон иргэдийн мэдэх эрхэнд халдсан хөл хориог цуцлахыг шаардлаа. Шаардлагаа Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нарт хүргүүлэв.
Өнгөрсөн хавраас эхлэн Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлч, зураглаачдын ажиллах бүсийг хязгаарласан. Ингэхдээ Төрийн ордны хоёр давхарт Түр цэг байгуулан, түүнээс өөр газар нэвтрэх боломжгүй болгосон юм. Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааныг нэгдсэн дүрс өгөх бөгөөд хэрэв гишүүд, сайд нар хүсвэл Түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа билээ. Энэ хязгаарлалт нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна гэж сэтгүүлчид эсэргүүцэж өөр өөрийн байр сууриа илэрхийллээ.
“Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг хэлэхдээ "Өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн мэдээллийг л хүргэж байна. Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд хэвлэлийнхний амыг барьж байгаа юм. УИХ-ын гишүүд тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн тэврэлдэж, үнсэлцсэн. Одоо ч энэ хэвээр байна. Халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа гэхэд амны хаалт зүүсэн ч хүн алга байна" гэлээ.
UBS телевизийн редактор н.Жавзандулам хэлэхдээ "Хэвлэлийнхэн нэгдэж байгаа нь ард түмэнд хүссэн мэдээллийн өгөхийн төлөө юм. Төрийн ордонд сурвалжилга хийхэд хэвлэлийнхэн хаа дуртай газраа яриа авч байна гэх шүүмжлэл гарч байсан. Цаашид бусад асуудлаар мэдээлэл авах, илүү их мэдээлэл ард түмэнд өгөх ямар ч боломж алга. Зөвхөн гишүүд мэдээлэл хийнэ гэвэл ирээд авч байна. Цар тахалтай холбоотой журам нь хэвлэлийнхэнд илүү үйлчлээд байгаа нь харамсалтай байна. Гишүүд хуралдаа амны хаалтгүй сууж, төрийн ордонд дуртай хүн нь нэвтэрч байдаг. Төрийн ордон дотор хэвлэл мэдээллийнхэнд журам нь хамгийн хатуу үйлчилж байна гэж хэлж болно. УИХ, Засгийн газрын хэвлэл мэдээлэл бусад төрийн түшээд журмаа иргээд хараасай" гэв.
NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар хэлэхдээ "Сэтгүүлчдийн хөлийг хорьж Төрийн ордонд нэг цэгээс өөр газар явуулахаа больсон нь “хүссэн зүйлээ асуухыг нь хорьж байгаа” хэрэг юм. Сэтгүүлчдийн асуухыг хүссэн зүйл нь ард түмний мэдэхийг хүсэж байгаа зүйл. УИХ-ын гишүүд, улстөрчид өөрийн хүссэн зүйлээ л ярина. УИХ-ын гишүүнээс өөрөөс нь зөвшөөрөл авах гээд өрөө рүү нь явахаар заавал нэг харуул дагадаг. Хоригдлыг хонгилоор хянагч дагадаг шиг л. Иргэдэд мэдээлэл хүргэх боломж хумигдмал байна" гэж хэллээ.
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул хэлэхдээ "Ковид 19-тэй холбоотойгоор сэтгүүлчдийн ажлаа хийх нөхцөлийг боож байна. Бид халдвар хамгааллын дэглэм үйлчилж байгаа учраас нэлээд хугацаанд хүлээцтэй хандсан. Гэвч сүүлийн үед ажиглаж байхад УИХ-ын гишүүд энэ дэглэмээ баримтлахгүй байна. 1.5 метрийн зай, амны хаалт гэдэг асуудал бүр байхгүй болсон. Хэрэв ийм байх юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чөлөөтэй нэвтрэх асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Би сүүлийн 23 жилийн хугацаанд парламентын үйл ажиллагааг сурвалжилж байна. Ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг боогдуулж байсан түүх байхгүй. Цаашид ч коронавирусийн халдварын далимдуулан хэвлэлийг боомилох ажил үргэлжлэхээр байна" гэлээ.
Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлэхдээ "Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Хэвлэлийнхэн үүнийг ойлгож, хүндэтгэж хагас жил гаруй энэ шаардлагыг мөрдөж эхэлсэн. Гэтэл сүүлдээ дуртай хүнийг нь л яриулдаг, ямар ч олон талын эх сурвалж, өнцөг байхгүй, сэтгүүлзүйн чөлөөтэй ажиллах нөхцөл байхгүй байна. Төрийн ордон дахь хэвлэлийн эрх чөлөө хаагдмал, хашигдмал байна. Хэн нэг гишүүнээс ярилцлага авахын тулд эхлээд тэр хүнээс зөвшөөрөл аваад хамгаалагчаар дагалдуулан явж байна. Бидний байгаа хэсгээс өөр хэсэгт халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байна уу гэхээр үгүй байгаа юм. УИХ-ын гишүүд, ордонд ажиллаж байгаа хүмүүс амны хаалт ч зүүхгүй байна" гэж хэлэв.