Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Учир нь гадаадад гацсан иргэд эх орондоо ирэхийн тулд авлига өгч байна гэсэн мэдээлэл гараад удаж буй. Тиймээс шуурхай штабынхан өөрсдийн хүсэлтээр хүчний байгууллагуудаар шалгуулж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд Шуурхай штабынхантай холбоотой олон асуудал яригдаж байсан ч одоогоор тогтоогдсон зүйл байхгүй талаар Шадар сайд Я.Содбаатар дуулгалаа. Харин хүний нэр бариад гурав, таван сая төгрөг авчихсан хэрэг гарчээ. Түүнчлэн дипломат газруудад асуудал дагуулж буй талаар яригддаг. Тэдгээр байгууллагуудыг ч мөн хууль хүчний байгууллага шалгаж байгаа юм байна.
"Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдээ гаднаас татан авах асуудал дээр төрийн албан хаагчдын хөрөнгө мөнгө, авлигатай холбоотой асуудал байгаа бол УОК-т хандаарай. Бид өргөдөл гомдлыг тэр дор нь шийдвэрлэж, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллана” хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.