УИХ дах эмэгтэй 13 гишүүн нам харгалзахгүйгээр бүлэг байгуулж ажиллахаар болсноо мэдээллээ. Тус бүлгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ахалж, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудал дээр анхаарч хамтран ажиллахаар болсон байна. Бүлэг байгуулсан эмэгтэй гишүүд өөр өөрийн гэсэн байр сууриа дараах байдлаар илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүнээ хөгжүүлж, хүнээ дээдэлсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх хариуцлага бидэнд ирсэн. Тиймээс УИХ-д сууж буй эмэгтэй гишүүд хүний хөгжлийн бодлогод зайлшгүй анхаарлаа хандуулан манлайлан ажиллана. Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулсан. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл төдийгүй ажлын байр гэх мэт бүх салбарт хүчирхийллийг зогсоохоор манлайлан ажиллах юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагийн хийх ажил бол цахим орчин дахь хүчирхийлэл. Цахим орчинд хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж байна. Өнгөрсөн гурван жилд цахим гадуурхалтын улмаас нэлээд олон хүн амиа алдсан байна. Гэтэл үүнийг хоёр сая төгрөгөөр торгоод өнгөрөх нь цаашид гэмт хэргийн хор хохирлыг багасгахад саад болж байгаа тул цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах зорилго тавьж ажиллана.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэхээр хүүхдийн асуудал хөндөгдөж байдаг. Бид эмэгтэйчүүдийн бэрхшээл зовлонг үр дүнтэй шийдсэнээр Монгол Улс хөгжинө гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Монгол Улсад сүүлийн арван жилд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин буурсан. Олон улсын байгууллагаас ч энэ асуудлыг анхааруулж ирсэн. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас эхлээд эмэгтэйчүүд ажил хөдөлмөрөө эрхлэхэд саад болдог зүйл их. 21 аймаг есөн дүүрэгт насан туршийн боловсрол олгох төв ажиллаж, 300 гаруй мянган хүн хамрагдаж, 4 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Эмэгтэйчүүд цаашид сурч хөдөлмөрлөх боломжийг бий болгох чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөр хамтран ажиллана.
УИХ-ын гишүүн Г.Ундрам: 107 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэдийн асуудлыг багаараа хамтран дуу хоолойгоо өргөх болно. Нэгдүгээрт тусгай хэрэгцээт иргэдтэй холбоотой нэр томъёоны асуудлыг нэн түрүүнд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил суралцах, ажиллах гээд хангагдахгүй байгаа эрхийг хангах чиглэлд ажиллана.
УИХ-ын гишүүн П.Анужин: Бүлгийн бүсгүйчүүдийн санаачлан, удирдан чиглүүлж явах ажилд идэвхтэй оролцож, дэмжинэ. Миний хувьд үндэстэн улс үндэс оршин тогтнож байгаагийн чухал зүйл болон өв соёлын чиглэлд ажиллана. Бид өнөөдрийг хүртэл ирсэн өв соёлыг хэрхэн цааш өвлүүлэх вэ гэдгийг хүн бүр бодох ёстой. Өв соёлтой холбоотой хууль хэрхэн хэрэгжиж буй, шаардлагатай бол хууль санаачлах, шинэчлэх асуудалд ажиллахаар төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Бид тухайлсан сэдвийг хариуцаж бусад нь дэмжин ажиллана. Би өөрийн хариуцаж буй ажлыг танилцуулъя. Архидалт гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх салбарт хамаарч байгаа тул энэ сэдвийг онцлон ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Миний хариуцаж авсан сэдэв бол залуучуудын хөгжил. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд шат дараалсан арга хэмжээг ЗГ, УИХ авч хэрэгжүүлнэ гэж бодож байна. Залуучуудын хөгжил гэдгийг жинхэнэ утгаар нь авчрах хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болгох чиглэлд бид хамтран ажиллах юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг батлуулах ажил нааштай шийдэгдэж байгаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа тул УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр ажилласан гэв.