УИХ-ын гишүүн С.Ганбаатар үндсэн хуулийн 6.2 дах заалтын талаар төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Та бидний эвслийн зүгээс УИХ-д байгаа миний бие, мөн эрдэмтэн докторуудын хамт долоо хоног болгон УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой мэдээлэл хийж байх болно.
Өнөөдрийн гол асуудал бол үндсэн хуулийн 6.2 заалтыг эсэргүүцэж ард түмэн нэгдэж байна. Харин УИХ-ын гишүүд энэ асуудлыг ярихгүй байгаа юм. УИХ-ын гишүүний тангараг дотор "Ард түмнийхээ хүсэл зорилго, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална" гэдгээ бид тангарагласан билээ.
Гэтэл одоо орон нутгийн сонгууль, төсвийн тодотгол хийхээ бодоод байна. Үүнээс илүү чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол. Таван тусгаар тогтнолын хамгийн суурь болох газар нутгийн тусгаар тогтнол аюулд орлоо гэж Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнд тус заалтыг эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн.
Ард түмэн энэ асуудлын талаар ярьж байна. Энэ үндсэн хуулийн 6.2 дах заалт дээр тайлбар өгөөч, засварлаач, энэ асуудал дээр иргэний нийгмийн байгууллага сонгогчдынхоо төлөөллийг авч уулзаач ээ.
Бид энэ асуудал дээр дорвитой шийдвэр гаргахыг шаардаж долоон сарын 02-нд эрх барьж байгаа намуудад, засгийн газар, ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариу захидал өгсөн. Ирсэн захидал дээр таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын дагуу найман жил энэ асуудлаар хэлэлцэх ёсгүй. Харин дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа гэсэн хариу ирсэн юм. Энэ хангалтгүй байна.
Иймд үндсэн хуулийн 6.2 заалтыг өөрчлөх ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн мэргэдийг оролцуулж энэ асуудлыг шийдэж ард түмэнд засаж залруулж хариу өгөөч ээ.
Өнөөдөр ээжилт бус чуулганаар улс орон, ард түмэнд тулгарсан хамгийн чухал асуудал болох үндсэн хуулийн 6.2 заалтыг өөрчлөх ажлын хэсэг байгуулж авч хэлэлцэхийг шаардаж байна" гэж хэлэв.