Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд долоон сарын 09-нд зорчиж явсан 42 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилал руу шилжиж байна.
Мөн онгоцонд мэндэлсэн ихэр охидод МИАТ ТӨХК-аас насан туршдаа тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрхийг МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр гардуулан өглөө.
Тэрбээр, "Хоёр ихэр маань их азтай. Монгол Улсад дотоодын нислэгийн үеэр өмнө нь хүүхэд мэндэлж байсан тохиолдол бий. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол юм. Бид дэлхийд өмнө нь ийм тохиолдол болж байсан уу ? гэж судалж үзэхэд байгаагүй. Иймд ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байна.
Тусгай үүргийн нислэгт эх баригч хоёр эмч, сувилагч гээд хэд, хэдэн эмч мэргэжилтнүүд зорчиж явсан. Эмч нар маань бидний ажилд гүн туслалцаа үзүүлж, эх барьж гардаж авсан эх баригч нарт МИАТ компанийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Манай компаниас ихэр охидоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна" гэлээ.
"Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр өгсөн" гэж охидын ээж хэлэв.