"Бүсгүй цэцэг" гар урлалын үзэсгэлэн "Монгол арт галерей"-д энэ баасан гарагт нээлтээ хийхээр болжээ.
Тодруулбал, тус үзэсгэлэнг "Гоёлог ээжүүд" ТББ-ын дэргэдэх "Бүсгүй цэцэг" эмэгтэйчүүдийн бүлгэмээс зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 14-18-ныг дуустал гаргах юм байна. Нийтдээ тус үзэсгэлэнд 40 ээж бүтээлээ танилцуулах гэнэ.
Энэ талаар "Гоёлог ээжүүд" ТББ-ын тэргүүн Б.Нямгэрэл "Үзэсгэлэнд уламжлалт эсгий ширмэл, нэхмэл, арьс шир, Монгол дээл хувцаснаас гадна гар урлалын 50 гаруй төрлийн бүтээл дэлгэгдэнэ. Мөн бүтээлүүд маань "Цэцэг" сэдвийн дор нэгдэн, аливаа зүйлсийг энгийн хэрэглээнээс гадна бүтээлч байдлаар хэрхэн орчин үеийн шийдэлтэйгээр урлаж болдгийг таниулах зорилготой байгаа юм.
Түүнчлэн гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалын төдий зүйл биш, хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээнд багтаж хэрэглэгдэх хэрэглээ болсон гэдгийг бусдад харуулахыг зорьж байна. Ихэнх хүмүүс арьсан эдлэлийг түрийвч, цүнхээр, эсгийг таавчгаар төсөөлдөг. Харин эсгийгээр маш олон төрлийн зүйл хийж болдогийг манай үзэсгэлэн дээр ирж харах боломжтой" гэлээ.