Хотын бүх л зүйл танил. Хаа нэг шинэ зүйл нэмэгдсэн нь их л сонирхол татна. Тэр ч утгаараа “Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд хуучин хөргөгчийг будаад “Гудамжны номын сан” байгуулсан талаар сонсоод сонирхохоор очлоо.
Шар өнгийн зурагт хөргөгч дүүрэн номтой угтлаа. Оройн цаг болоод ч тэр үү цэцэрлэгт хүрээлэнгийн бүх сандлууд хүн ихтэй байв. Зарим нэг нь ном барьсан харагдана. Номын санг үзлээ. “Гудамжны номын сангийн дүрэмтэй танилцана уу” гэсэн бичиг өлгөсөн байна. Дүрмийг нь уншаад цааш үргэжлүүлэн ном үзэж байтал чийг даасан, хөгцөрсөн номнууд байх аж.
Хүмүүс амарч, салхилах зуураа ном уншиж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн нь мэдээж сайхан санаа. Гэсэн хэдий ч хуучин хөргөгчийг будаж хийсэн болохоор хөргөгч нь бив битүү, чийг даасан байдалтайгаар бүх ном нь хөгцөрсөн нь аргагүй зориулалтын бус, чанарын шаардлага хангахгүй байгаа нь ажиглагдаж байлаа.
Энэ талаар хариуцсан эзнээс нь асуухад хөргөгч харин хөгцөрүүлээд байгаа. Өдөртөө хаалга нь нээлттэй байдаг ч шөнөдөө битүү байдаг гэж хариуллаа. Харин иргэдийн зүгээс “Би гудамжны номын санг анх байгуулагдахад нь ном аваачиж өгөөд сарын дараа хүүхдээ дагуулан ном уншихаар иртэл хөгцөрчихсөн байсан. Тэгээд бүх номыг хогийн сав руу хийсэн“ хэмээсэн бол зарим иргэд огт тоохгүй ном юм чинь зүгээр гэх мэтээр хариулж байлаа. Бас гудамжны номын сан дүүрэг бүрт байвал сайн. Хүүхдүүд их сонирхож уншдаг гэнэ.
Мэдээж ихэнх үйлчүүлэгч нь хүүхэд. Хөгцөрсөн, чийг даасан номыг эргүүлж, тойруулж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд хичнээн хортой байх нь тодорхой. Нэн ялангуа цар тахлын халдвар гарсан энэ үед бүр ч сөрөг нөлөөтэй.
Хуучин хөргөгч ашиглахад бэлэн сав мөн боловч номын сан хийхэд зориулсан сав биш. Гудамжинд байдаг учир их олон хүмүүс үзэж сонирхоно гэдгийг бодолцож чанарын шаардлага хангасан зориулалтын савтай гудамжны номын сан байгуулах хэрэгтэй. Соёлыг түгээх гэж байна гээд хүүхдүүдийн эрүүл мэндэд хор хүргэж болохгүй.