Сүүлийн үед амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан иргэд, тэр дундаа хүүхдүүд золгүй явдлаар амь насаа алдах тохиолдол нэмэгдлээ. Тэгвэл энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн тусламжийн 108 утасны зөвлөх Б.Энхболдтой ярилцлаа.
-Өнгөрсөн онд хэчнээн хүүхэд золгүй явдлаар амь насаа алдсан бэ? Энэ жилийн хувьд нэлээд өссөн тоо баримт ажиглагдсан.
-2019 онд аюулт үзэгдэл, ослын улмаас 32 хүүхэд амь насаа алдсан. Үүний 18 нь эрэгтэй хүүхэд, 14 нь эмэгтэй хүүхэд байна.
Ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн 15 нь объектийн гал түймэрт, 10 нь зам тээврийн осол, 2 нь үерийн улмаас, 5 хүүхэд бусад ослын улмаас амь насаа алдсан харамсалтай тоо мэдээлэл байна. Энэ жилийн хувьд энэ тоо эрс өссөн үзүүлэлттэй байна.
-Хүүхэд хамгааллын салбарт төрийн оролцоо дутмаг байна гэж нийгмийн зарим хэсэг шүүмжилдэг. Эцэг эхчүүдийн оролцоо чухал уу?
-Мэдээж тийм. Хүүхдийн амь насанд эрсдэл учирхаар нийгмийн зарим хэсэг төр засгийн бодлого муу байгаатай холбон тайлбарладаг. Гэхдээ шулуухан хэлэхэд хэдий төр засгийн зүгээс хүүхэд хамгааллын салбарыг бодлогоор дэмжсэн ч хүүхдийн эрх, амь насанд баталгаа болохгүй. Монгол Улсад 1990 оноос хойш хүүхэд хамгааллын салбар эрчимтэй хөгжиж байна. Мөн 1997 онд “Save the Children” буюу Олон улсын хүүхдийг ивээх сангаас Монгол Улсад анхны нийгмийн ажилтны мэргэжлийн суурийг тавьсан. Одоо энэ нь нийгэм хамгааллын салбарын томоохон бүтэц суурь болжээ. Бүх ажил шат дараалалтай явагддаг. Нийгмийн ажилтнуудын боловсрол, мэдлэгийн асуудал яригддаг. Гэхдээ үүссэн цагаасаа хойш үргэлж хөгжиж, дэлхийн жишигт нийцэж ажиллахыг чармайж байна. Мэдээж хүүхдийн аюулгүй байдлыг хангахад төрийн бодлого чухал ч эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо илүү чухал.
Жишээ нь, амралт зугаалгын үеэр хүүхдүүд голын усанд эндвэл 100 хувь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас улбаатай. Төр үүнийг хянаж чадахгүй шүү дээ. Онцгой байдлынхан шууд газар дээр нь очоод аврах ямар ч боломжгүй. Шулуухан хэлэхэд монголчууд баяр ёслолыг хэтэрхий доргиж тэмдэглэдэг. Үертэй байгаа голын хажууд очиж архидан согтуурдаг. Үүнээс болж хүүхдэдээ тавих хараа хяналт нь сулардаг.
-Хүүхдүүд амь насаа алдаж байгаа шалтгаануудын хоёрт нь зам тээврийн осол байна. Үүнд эцэг эхийн хариуцлага гэхээсээ илүүтэй замын чанар стандартын асуудал яригдах болов.
-Мэдээж замын чанарын асуудалд төрийн бодлого яригдана. Гэхдээ 1990 оноос хойш зам тээврийн салбар яаж хөгжсөнийг иргэд анзаарахгүй байна. 30 жилийн хугацаанд бид 21 аймагтайгаа бүрэн холбогдчихлоо. Өмнө нь шороон замаар явдаг байсан бол одоо засмал замаар явдаг болсон. Замын тэмдэг, тэмдэглэгээ ч харьцангуй нэмэгдсэн. Мөн сүүлийн үед Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн аюулгүй байдал руу чиглэсэн олон аяныг өрнүүлж байна. Дүрэм журмыг нь баталчихлаа. Үүн дээр нь цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Гэвч зарим хүн төрийн бодлогыг үл ойшоосны улмаас аймшигтай хэргүүд ар араасаа гарч байна. Тиймээс иргэн бүр дор бүрнээ дүрмээ баримталдаг байх хэрэгтэй.
-Зам тээврийн ослоос хүүхдүүдээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Адаглаад хүүхдийнхээ болон өөрийнхөө бүсийг зүүчих хэрэгтэй. Мөн бага насны хүүхдүүдэд зориулалтын суудал тавих, машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй. Архи согтууруулах ундаа хэрэглэж, хурд нэмэхгүй, аюулгүйн дүрмээ мөрдөөд явчихад нас баралт эрс багасна гэж тооцоолдог. Зам муу байсан ч байнгын сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
-Энэ жилийн хувьд унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал харьцангуй бага байна. Гэхдээ орон нутагт морьноос унасан асуудал бий. Олон улсын байгууллагууд үүнийг юу гэж харж байна вэ?
-Нийгмийн нэг хэсэг үүнийг манай улсын уламжлал, ёс заншил хэмээн тайлбарлаж байна. Харин олон улсын хүүхдийн эрхийн байгууллагууд “Монгол Улс түүхнээсээ хүүхдийн эрхийг зөрчсоор иргэн” гэж харж байгаа. Мэдээж морин уралдаан бол манай үндэстэнд Хүннүгийн үеэс уламжилж ирсэн спорт. Тэгэхээр үүнээс харахад монголчуудын үүсэл хөгжил нь анхнаасаа хүүхдийн эрхийн зөрчил байсан гэж ойлгогдоно. Үүнийгээ бид хамгаалах шаардлага байгаа юу, байхгүй юу гэдэг асуудал яригдаад байгаа юм. Барууны орнуудад морин уралдаанаар насанд хүрсэн, тамирчин хүн хичээллэдэг. Тийм ч учраас тэдэнд монголчуудын уламжлал муухай харагдах нь гарцаагүй. Бидний хувьд бүгд энэ уламжлалыг харж өссөн учраас үүнийг хүүхдийн эрхийн зөрчил гэж харахгүй, жирийн байдаг л зүйл гэж харах нь ойлгомжтой.
Нэг үеэ бодвол манай төр хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаардаг болсон. ГБХЗХГ-аас жил бүр уралдааны талбайд аюулгүй ажиллагааг мөрдүүлж ажилладаг. Энэ жилийн хувьд хүүхэд бүрийг даатгууллаа. Мөн аюулгүйн хэрэгсэл бүрэн бүтэн байгаа эсэхэд хяналт тавин ажилласан. Нэгэнт монголчуудын уламжлал учраас бид нөхцөл байдалдаа тохируулж ажиллаж байна.