БНХАУ-ын Коммунист намын шийдвэрээр ӨМӨЗО-ны Тонляо хотын сургуулиудад Монгол хэлээр хичээл орохыг түр хугацаагаар хоригложээ. Хятадын эрх баригчид үүнийг коронавирусээс шалтгаалсан түр хугацааны шийдвэр гэж тайлбарласан хэдий ч тус хотын иргэд түр хугацааны шийдвэр гэж үзэхгүй байгаа гэв.
ӨМӨЗО-ны иргэд дээрх шийдвэрийг эсэргүүцэж, цахим орчинд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр байна. Мөн АНУ-д оршин суугаа өвөрмонголчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Үүгээр зогсохгүй, Өвөрмонголын багш, зохиолч нар нэгдэн монгол хүний эх хэлээрээ боловсрол эзэмших эрхэд халдаж буй явдлын эсэргүүцэж “Өвөрмонголын сургуулиудад Монгол хэлийг нь буцаан өгнө үү” гэсэн уриалга бүхий бичлэгийг цахим орчинд түгээж эхэлжээ.
Гэвч тэдний тэмцэл БНХАУ-ын дээд удирдлагад хүсэлт, албан бичиг хүргүүлэх, цахим орчинд байр сууриа илэрхийлэхээс цаашлахгүй байна. Учир нь БНХАУ-д жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглодог бөгөөд цахим орчин төрийн хатуу хяналтан дор байдаг. Жишээ нь, цахим орчинд төрийн бодлогыг шүүмжилсэн шинжтэй мэдээ мэдээлэл, зураг оруулбал түүнийг нь хууль хяналтын байгууллагаас устгаж, хаягийг нь хаадаг байна.
Ташрамд дурдахад, Тонляо хот нь хуучин цагт “Жирэм” гэх Монгол нэртэй аймаг байсан бөгөөд 1999 онд Хятадын Коммунист намын шийдвэрээр нэрийг нь “Тонляо” хэмээн өөрчилж хотын статустай болгожээ.