Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр хурандаа Б.Мандахгэрэл үер, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилаа. Тэрбээр "Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 146 хүний амь насыг авран хамгааллаа. Мөн усны ослоор амь насаа алдсан 10 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэдийн 8 нь том хүн, 2 хүн нь хүүхэд юм" гэв.
Мөн баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 9-14-нд зам тээврийн ноцтой 15 ослоор нийслэлд хоёр, орон нутагт 21 хүний амь нас хохирчээ. Үүний гурав нь хүүхэд аж. Мөн дээрх 15 тохиолдлын 10 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Ослын гол шалтгаан хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж.