Хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд "Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд баяр наадмын үед хурдан морины уралдаан болох Хүй долоон худагт очиж ажиллана. Энэ жилийн хувьд наадам цахимаар болох онцлогтой байгаа. Иргэдийг Хүй долоон худаг руу нэвтрүүлэхгүй. Үүнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Тэнд байгаа тээврийн хэрэгслийн зогсоолыг ажиллуулахгүй байхаар зохион байгуулсан.
Иргэд хөдөө орон нутаг руу явах зорчилтыг хязгаарлах уу гэсэн асуултыг нэлээн асууж байна. Урд жилүүдэд осол, зөрчил, түгжрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор хурдан морины уралдааны үеэр тодорхой хугацаанд хотоос гарах замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, хаах арга хэмжээг авдаг байсан. Энэ жилийн хувьд шаардлага гарвал тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг түр хаана. Хэрэв ийм тохиолдол гарахгүй бол хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Уяачид морьдоо ачиж, аваачиж уралдуулна. Тэдэнд зориулсан самбар бүхий зогсоол талбайд морьдоо аваачиж уралдуулаад буцаагаад аваад явна.
Орон нутгийн хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор тухайн чиглэлд алба хаагчдыг хуваарилан ажиллуулж байгаа юм. Дарханы зам засвартай холбоотойгоор Хүй долоон худгийн шинэ замаар иргэд зорчих болсон тул зохицуулагч нар ажиллана. Иймээс алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна" гэв.