Нийслэлийн ус зайлуулах байгууламж, сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна.
Энэ оны зургаа, долдугаар сард орсон борооны улмаас хотын гол болон туслах замууд орон сууц гэр хорооллын дундах замд нилээдгүй эвдрэл үүсч ус их тогтсон нөхцөл байдал үүссэн. Зургаан дүүрэг хариуцсан инженер техникийн ажилтнуудтай газар нь ажиллаж дүүрэг дүүргээр нь эвдэрсэн, хохирсон автозамуудыг гаргаж ирсэн. Чингэлтэй дүүрэгт гэхэд 1800 мКв явган хүний замд эвдрэл үүсэж, 2500 метр урт автозамын хашлага эвдэрсэн.
Харин БГД нийт 800 мКв зам талбайд эвдрэл гарч 2800 метр автозамын хашлага эвдэрсэн байна. Гэх мэтчилэн төвийн зургаан дүүрэгт нийт 14 мянга 600 мКв орчим замын эвдрэл гарч, 7300 метр явган зам гэмтэж, 13 мянга 100 метр замын хашлага эвдрээд нийт 4 тэрбум 762 сая төгрөгийн хохирол учирсан аж. Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийгдсэн байна. Үүссэн нөхцөл байдал дээр шуурхай ажиллаж байна гэв.