Ард түмнээ хайрлая, Хөгжлийн хөтөлбөр, Ард түмний болон Монгол консерватив, Монголын хүний төлөө намынхнаас бүрдсэн “Сахигтун” эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өчигдөр СЕХ-нд хүргүүллээ. Ингэснээр нийт найман нам, нэг эвсэл сонгуульд оролцохоо мэдэгдээд байна. Хуульд зааснаар бол нам, эвслүүдийн хүсэлт хүргүүлэх хугацаа өнөөдөр дуусах юм. Баримт бичгийг нь хүлээн авснаас хойш тав хоногийн дотор тэднийг бүртгэх, эсэх шийдвэрээ СЕХ гаргана.
Хавсаргах баримт бичгүүд нь шаардлага хангаагүй бол нам, эвслийг бүртгэхээс татгалзах эрх СЕХ-нд бий. Гэхдээ өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүйг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлсэн. Тэрбээр “Бид баримт бичгийг нь сайтар нягталж хүлээн авч байгаа. Нэмэлт баримт шаардлагатай гэж үзвэл нам, эвслүүд тав хоногийн дотор материалаа бүрдүүлж, дахин өгөх боломжтой” гэсэн юм.
Нам, эвслийг бүртгэвэл СЕХ-ноос батламж олгоно гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заажээ. 2016 онд нийт 12 нам, гурван эвсэл сонгуульд оролцох хүсэлт гаргаж, батламж авч байв.
Ташрамд дурдахад, сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд СЕХ-ноос цагийн хуваарь, зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, нам, эвсэл тус бүрээс хоёроос илүүгүй төлөөлөл ирж, баримт бичгээ хүлээлгэн өгөх, СЕХ-ны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлахыг нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн аж.
Бэлтгэсэн: Г.Гал