Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай багачуудын 94 хувийнх нь шүд хорхойтой гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргасан. Өөрөөр хэлбэл, манай улс эл үзүүлэлтээрээ дэлхийд “тэргүүлэх” хэмжээнд хүрээд буй тул Засгийн газар, ЭМЯ-наас “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас орон даяар хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)- ынхан гэрээт эмнэлгүүдэд хийж буй эмчилгээ, үйлчилгээг үнэлж, дүгнэсэн, эсэх нь одоо болтол тодорхойгүй. Олон нийтэд тайлагнаагүй учир ингэж хэлэхэд хүрэв. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд шүдний эмнэлгүүд болон эцэг, эхчүүдийн дунд үүссэн үл ойлголцол, маргааныг тэд таслаагүй. Гэрээт эмнэлгүүдэд санхүүжилтийг нь заасан хугацаанд олгоогүйгээс дээрх хөтөлбөр алаг цоог хэрэгжиж иржээ.
ЭМЯ, ЭМДЕГ-ынхан “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ 2-12 насны 725 000 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ хэмээн олон нийтэд мэдээлсэн. Тодруулбал, “Тухайн хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, цоорлын эсрэг түрхлэг түрхүүлсэн ч эмчилгээний зардалд 60 000 төгрөгийг үйлчлүүлсэн эмнэлэг рүү нь шилжүүлнэ. Нэгнийх нь эмчилгээний зардлаас илүү гарсан мөнгийг 4-5 шүд нь өвчилсөн бусад хүүхдэд зарцуулна” гэсэн байдаг. Харин шүдний эмнэлгүүдийн олонх нь өнгөрсөн хугацаанд улсаас нэг хүүхдэд олгож буй 60 000 төгрөгт тааруулан, олондоо л хоёр шүд эмчилж ирсэн гэх. Учир нь нэг хүүхдийн эмчилгээний зардалд урьдчилан сэргийлэх үзлэг, шүдний сувгийн эмчилгээ, ломбо тавих, цоорлоос хамгаалах болон зогсоох түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээг багтаах боломжгүйг шүдний эмч нар хэлсэн. Үүнээс болж эцэг, эхчүүд шүдний эмнэлгүүдийн хооронд маргаан, зөрчил тасраагүйг тэд нэмж тодотгоно лээ.
Хамгийн хачирхалтай нь, ЭМДЕГ-ынхан шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулахдаа тухайн хүүхдийн эмчилгээний зардал санхүүжилтээс давбал эцэг, эх, асран хамгаалагчаас нь мөнгө нэмж авахыг зөвшөөрсөн байна. Тэгвэл тус газрын Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Г.Энхбилэг манай сонинд өмнө нь өгсөн ярилцлагадаа “Гэрээт эмнэлгүүд тухайн хүүхдийн хэдэн шүд хорхойтсон байхаас үл хамаарч, 2-12 насныхны амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ. Эцэг, эх, асран хамгаалагч нар эмчилгээ, үйлчилгээнд нь хяналт тавих эрхтэй. Хэрэв тухайн эмнэлэг хүүхдийг хөтөлбөрт хамруулахгүй хэмээн буцаах, шүдийг нь дутуу эмчлэх, нэмэлт төлбөр нэхэмжлэх зэрэг зөрчил гаргавал бидэнд нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. Бид иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, эмнэлгүүдийн алдаа, дутагдлыг тухай бүрт нь шийдэж, шаардлагатай бол шалгалт оруулж, зохих арга хэмжээ авна” хэмээсэн байдаг. ЭМДЕГ-ынхны ам, ажил нь энэ мэт алд, дэлэм зөрсөн нь эмнэлгүүд, иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж чадахгүйг харуулах биз ээ.
Нөгөөтээгүүр, гэрээнд шинээр тусгасан дээрх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол хөтөлбөрөөс “гарна” гэсэн эмнэлэг ч цөөнгүй байж. Нэгэн шүдний эмнэлэг (нэрийг нь нууцлав)-ийн эмчээс дээрх зүйлсийн талаар тодруулахад “ЭМДЕГ-аас гэрээт эмнэлгүүдэд эмчилсэн хүүхдийн тоогоор санхүүжилт олгодог. Сар бүрийн 15-нд мөнгө шилжүүлэх гэрээтэй ч эл хугацаагаа мөрддөггүй. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын эмчилгээний санхүүжилтийг энэ оны нэгдүгээр сард шилжүүлсэн тохиолдол ч бий. Аргаа бараад манай эмнэлэг 2019 оны арванхоёрдугаар сард “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зогсоосон. Он гараад гэрээгээ шинэчлэх гэсээр эхний хоёр сард хүүхдэд үзлэг, эмчилгээ хийгээгүй. Одооноос л жигдэрч байна. Манай эмнэлэг эхэндээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлчлүүлсэн хүүхдүүдийн бүх шүдийг үзэж, эмчилсэн. Сүүлдээ эмнэлэг санхүүгийн алдагдалд орж, хүчрэхгүйд хүрсэн. Тиймээс энэ жил гэрээгээ шинэчлэхдээ эмчилгээний зардлаас үйлчилгээний хөлс давбал эцэг, эхээс нь нэмэлт төлбөр авах боломж бүрдсэн. Гэхдээ бид 60 000 төгрөгөөс хэтэрсэн зардлын 50 хувийг эмнэлгээс хөнгөлөх байдлаар эцэг, эхчүүдэд аль болох дарамт учруулахгүйгээр асуудлыг шийддэг” гэсэн юм.
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдахад эцэг, эхчүүдэд ямар хүндрэл бэрхшээл нийтлэг тохиолддогийг дараах жишээнүүдээр төлөөлүүлэн хүргэе. Иргэн А арав хоногийн өмнө 3-10 насны хоёр хүүхдийнхээ шүдийг үнэгүй эмчлүүлэхээр явахдаа нэлээд хэдэн эмнэлгийн хаалга “мөргөжээ”. Иргэд гэрээт эмнэлгийг сонгох эрхгүй. Өөрөөр хэлбэл, харьяаллынхаа дагуу үйлчлүүлнэ гэсэн үг. Тиймээс А дүүргийнхээ хэмжээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй эмнэлгүүд рүү нэгбүрчлэн утасдаж, боломжтойд нь гурав хоногийн дараа үйлчлүүлэх цаг авчээ. Түүний холбогдсон эмнэлгүүдийн зарим нь санхүүжилтгүй, цөөнгүй нь коронавирусээс болоод энэ сард үзлэг хийхгүй гэсэн байна. Ингээд олдсон эмнэлэгтээ, тогтсон цагтаа очин, гурван настай хүүхдийнхээ шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлжээ. Мөн 10 настай хүүхдийнхээ цоорсон нэг шүдийг эмчлүүлж, гурван араанд нь урьдчилан сэргийлэх фторт наалт наалгасан аж. Тэгэхэд 10 настай хүүхдийнх нь эмчилгээний төлбөр 110 орчим мянган төгрөг болсон тул илүү төлбөрийнхөө 50 хувийг иргэн А төлжээ. Тэрбээр “Төлбөрийн 50 хувийг эмнэлэг хөнгөлсөн болохоор гайгүй туслаа. Энэ хөтөлбөрөөр хүүхдүүдийн бүх шүдийг нь үнэгүй эмчилнэ гэж байсан нь худал байжээ. Мөнгөний боломжгүй нь 60 000 төгрөгт таарсан үйлчилгээгээ аваад гарч байна. Үлдсэн хорхойтой шүднүүдийг нь яана гэсэн ээж ч цөөнгүй харагдсан” гэв.
Дараагийн жишээ. Иргэн Б харьяаныхаа дагуух гэрээт эмнэлэгт өнгөрсөн оны сүүлчээр хандаж, 2-10 насны гурван хүүхдийнхээ шүдийг эмчлүүлсэн байна. Том, дунд хүүгийнх нь тус бүр 4-6 шүд, багынх нь нэг шүд цоорсон байж. Эмч нар том, дунд хүүхдийнх нь тус бүр хоёр шүдийг эмчлээд, үлдсэн хорхойтой шүднүүдийг нь тэр чигт нь орхижээ. Учрыг тодруулахад нөгөөх л 60 000 төгрөгийн санхүүжилттэй холбоотой аж. Ингээд Б хүүхдүүдээ дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт болон Шүд, эрүү, нүүрний төвд үзүүлэх цаг авах гээд дугаарласан ч чадаагүй л яваагаа хэлсэн.
Нийслэл болон орон нутагт гэрээт эмнэлгийн хүртээмж ямархуу байгааг лавлахад, Баянгол дүүрэгт 29, Баянзүрхэд 19, Сүхбаатарт 11, Сонгинохайрханд долоо, Хан-Уулд 12, Чингэлтэйд найм, Багануур, Налайхад хоёрхон байв. Энэ нь шүдний эмнэлгүүдийг дүүргүүдийн хүн амын тоонд үндэслэлгүй сонгон шалгаруулсныг харуулна. Орон нутагт ч ялгаагүй, аймгуудад гэрээт эмнэлгийн тоо харилцан адилгүй. Жишээлбэл, Төв аймагт нэг, Завхан, Өвөрхангайд хоёр, хамгийн олон нь Баянхонгорт зургаа байх жишээтэй.
Нийслэлийн есөн дүүргийн гэрээт шүдний эмнэлгүүдээс тус бүр 4-5-ыг санамсаргүй сонгон, утасдаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг тодруулсан юм. Тэгэхэд Баянгол дүүргийн зарим эмнэлгийн утасны дугаарууд холбогдохгүй, ашиглалтад байхгүй, холбогдсон нь “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг зогсоосон шалтгаанаа коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс, зарим нь хурууны хээ уншдаг программыг ЭМДЕГ-аас хаасан гэх зэргээр хариулсан. Тун цөөн эмнэлэг үйлчилгээ үзүүлж байв. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, гэрээт дөрвөн эмнэлгээс гурав нь хөтөлбөрийг үргэлжлүүлж буйгаа хэлсэн бол Налайхын нэг эмнэлэг өнөө жил гэрээгээ цуцалжээ. Түүнчлэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговьд хөтөлбөрт хамрагдсан шүдний эмнэлгүүдийн зарим нь үзлэг, эмчилгээг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй гэсэн бол дөрвөн эмнэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа дуулгасан.
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш эдүгээ 106 302 хүүхэд хамрагдсаныг ЭМДЕГ-аас энэ сарын 23-нд мэдээлсэн. Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 162 эмнэлэг хүүхдүүдэд үйлчилж, 477 909 шүд эмчилсэн гэнэ. Үүнд цоорлын, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх, цоорол зогсоох түрхлэг, ховил битүүлэх фторт наалт, шүд авах зэрэг үйлчилгээ багтжээ. Гэвч төлбөртэй эмчлүүлсэн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулсан нэрийдлээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, даатгалаас мөнгө завшсан эмнэлэг ч цөөнгүй гарч. Уг нь энэ хөтөлбөрийг утгаар нь хэрэгжүүлбэл маш хэрэгтэй, үр дүнтэй кампанит ажил болох юм. Гэвч ЭМДЕГ-ынхан хэрэгжилтийг нь хянаж чадахгүй, гэрээт эмнэлгүүд нь даатгалаас мөнгө залилаад, эсвэл дээр дурдсанчлан худал, үнэн ярьж, эмчилгээг дураар зогсоосоор байвал 50 тэрбум төгрөгийн өртөгтэй хөтөлбөр замхарч мэдэх нь. Тодруулбал, хүүхдийн шүд цоорох өвчин эдүгээ гамшгийн хэмжээнд хүрч, багачууд хорхойтсон шүднээсээ болж эрүүгээ тайруулж, бүтнээр нь авхуулж байхад “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Эс бөгөөс ирээдүйд шүдний цоорлоос үүдэлтэй дотор эрхтний эмгэгтэй нэгэн “шинэ үе” төрөх нь хэмээн эмч нар анхааруулсныг эцэст нь тэмдэглэе.