Монголын оюутан залуучуудын холбооноос коронавирусийн эсрэг санал шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдээллээ.
Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газарт дөрвөн шаардлага тавьж байна.
Энэ талаар Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж хэлэхдээ “Өнөөдөр коронавирусийн тархалт их байгаатай холбоотойгоор амны хаалт их эрэлт хэрэгцээтэй байгаа юм. Бидний зүүсэн нэг удаагийн амны хаалт 150 төгрөгөөр зарагдаж байсан бол 12-25 дахин үнэ нь өсөж гадуур эмийн сангуудаар зарагдаж байна. Энэ үнийн хөөрөгдлийг хянаж ШӨХТГ ажлаа хийхийг шаардаж байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газарт дөрвөн шаардлага тавьж байна. Үүнд: Нэгдүгээрт стандартад нийцсэн амны хаалт үнэ төлбөргүй тарааж өгөх, амны хаалтын үнийн хөөрөгдлийг зогсоож ШӨХТГ ажлаа хийх, хоёрдугаарт БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутанг яаралтай авчирч ирэх, гуравдугаарт бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг гуравдугаар сарын хоёрон хүртэл багасгах, их сургуулийн оюутнуудын замын зардлыг буцаан олгох гэсэн шаардлагыг засгийн газарт хүргүүлж байна” хэмээн хэллээ.
Мөн тус холбооноос иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриалж томоохон зах худалдааны төвүүд, хүн ихээр зорчдог газруудаар мянган ширхэг амны хаалт тараана гэв.