Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийн хүрээнд ХЗДХЯ, ЭМЯ, МУГХУСАЗЗ, СЭМҮТ хамтран 2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн 4 дэх удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн Департмент, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ, СЭМҮТ-ийн санхүүжилтээр амжилттай зохион байгууллаа. “Коломбо хөтөлбөр” нь дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Суурь түвшний 8 курсын сургалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж дууслаа.
Цаашид ахисан түвшний хөтөлбөр, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтээ тавиад байна. Суурь түвшний сургалтыг зохион байгуулахад нийт 11 олон улсын сургагч багш оролцсон. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин сайдын яам, ХЗДХЯ-ны төлөөлөл, СЭМҮТ-ийн Удирдлагын багийн гишүүд оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, 47 дугаар сургуулийн сургалтын менежер зэрэг олон мэргэжлийн төлөөлөл оролцож байна. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж буй 21 мэргэжилтэн цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Олон Улсын энэхүү хөтөлбөрөөр Үндэсний сургагч багш нарыг шат дараатай бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.