Төрийн тэргүүнд хоёр дараалан сонгогдох боломж олгодог Үндсэн хуульдаа оруулах өөрчлөлтийн төсөлд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гарын үсэг зурлаа. Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр ирэх зургадугаар сарын 13-нд бүх нийтийн санал асуулга явуулах замаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах санал Ерөнхийлөгч тавьсан аж.
Төслөөс нь үзвэл БНСУ-ын Ерөнхийлөгч хоёр дараалан сонгогдож болох ч бүрэн эрхийн хугацаа нь одоогийнх шиг тав бус дөрвөн жил байх юм. Өөрчлөлт орсон ч одоогийн Төрийн тэргүүн Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа хуучин хуулийн дагуу таван жил байх аж. Түүний саналыг Парламент нь 60 хоногийн дотор шийдэх ёстой. Үүний дараа бүх нийтийн санал асуулга болох юм байна.