ОХУ-ын урилгаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нарын төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Москва хотноо ажиллаж, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахын зэрэгцээ Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёвтай уулзав.
Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн 100 гаруй орны парламентын төлөөлөгчид ажиглажээ.
Түүнчлэн Монгол-Оросын парламентын уламжлалт найрсаг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, 2018 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.Володины урилгыг гардуулав.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилга ирүүлсэнд болон ноён К.И.Косачёвыг их ажлын ачааллын хажуугаар цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд УИХ-аас төлөөлөгч оролцуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.
УИХ-ын төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн үйл ажиллагааг Москва хотын Арбат дүүргийн санал хураах 1 дүгээр хэсэг, хаалтын үйл ажиллагааг санал хураах 4 дүгээр хэсэг дээр тус тус очиж ажигласан бөгөөд Москва хотын захын Коньково дүүргийн санал хураах 2224 дүгээр хэсэгт зочилж, санал хураах үйл явцтай танилцав.
Төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны өдрийн орой санал хураах хугацаа дууссаны дараа ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын Мэдээллийн төвд зочилж, орон даяар санал хураалтын явцыг харуулсан дэлгэцийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан, санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СТК-ын дарга Э.Памфиловагийн хийсэн хэвлэлийн бага хуралд оролцов.