Казах түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярынхаа хүрээнд Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Налайх дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казах иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоо нийт оршин суугчдын 12 хувийг Казах иргэн эзлэж байна. Тэдний ихэнхи нь Налайхын уурхайгаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл, урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.
Тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн удирлагууд “харьяалалгүй” гэх 200 гаруй ахмад Казах иргэнд хүндэтгэл үзүүлжээ. Залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан тул дүүргийн засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран "харьяалалгүй" гэх тодотголыг бий болгож, жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ.
Харин өнөөдөр спортын мастер 2, онц тээвэрчин 4, Боловсролын тэргүүний ажилтан болон зарим салбарын тэргүүний ажилтнууд шинээр төрөн гарлаа.
НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Казах түмний өв уламжлал, соёл иргэншил, хамгийн том илэрхийлэл болсон хаврын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Налайх дүүрэг бол нийслэл хотыг олон арван жил илч гэрлээрээ хангаж ирсэн түүхтэй билээ. Энэ дүүргийн хөдөлгөгч хүч болсон Налайхын их уурхайн үе үеийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй олон мянган уурхайчдын дунд Казах түмэн та бүхний төлөөлөл болсон шилдэг уурхайчид ажиллаж, хөдөлмөрлөж байсныг зориуд цохон тэмдэглэе” гэлээ.
Тус дүүрэгт 9 хөдөлмөрийн баатар төрөн гарснаас дөрөв нь Казах иргэн байжээ
Дашрамд дурдахад нийслэл хот нийт 152 хороотой үүнээс Налайх дүүргийн 4-р хороонд зөвхөн Казах иргэд оршин суудгаараа онцлогтой юм гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.