Мягмар гарагийн өглөө Николя Саркози цагдаагийн газар ирж сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр гарсан байж болзошгүй зөрчлийн хэргийн талаар байцаалт өгөхөөр иржээ. Лe Monde сонины бичсэнээр хуулийнхан Николя Саркозигийн 2007 оны сонгуулийг Ливи улс санхүүжүүлсэн байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
Байцаалт Парис хотын захын дүүргийн цагдаагийн хэлтэст явагдаж байгаа аж. Ерөнхийлөгч асаны сонгуулийн штаб Ливийн удирдагч Муаммар Каддафигийн тусламжтайгаар санхүүжсэн гэх уг мөрдлөгө таван жил үргэлжилж байгаа ч Николя Саркози өөрөө анх удаа байцаалт өгч байгаа нь энэ. Түүний өмгөөлөгчөөс ямар нэгэн тайлбар авах боломжгүй байна.
Саркозигийн туслах байсан Александо Жури 2018 эхээр баривчлагдаад хэсэг хугацааны дараа барьцаа тавин суллагджээ. Франц Алжирын эрлийз Александо Жури нь бизнесмен хүн бөгөөд дээрх хууль бус санхүүжилтийг зуучилсанд сэжиглэгдэж буй аж.
Мөн Саркозигийн улс төрийн хамтран зүтгэгч болох Хөдөлмөрийн Яамны сайд асан Бриса Ортефёг ч энэ өдөр байцаалтад дууджээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч асаны сонгуулийн штабыг удирдаж байсан Дотоод хэргийн сайд асан Клод Геан ч ялгаагүй эл хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа аж.
Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Николя Саркози мөн л 2012 оны сонгууль нь хууль бус санхүүжсэн хэргээр шүүхийн өмнө хариуцлага хүлээх нь тодорхой болоод байсан билээ. 2012 онд Саркози социалист намаас нэр дэвшсэн Франсуа Оландад ялагдсан юм.
Сарказигийн Ард түмний хөдөлгөөний төлөөх нам 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 18,0 сая евро илүү зарцуулснаа нуух гэж хуурамч бичиг баримт үйлдсэн гэж хуулийнхан сэжиглэж байгаа аж.