АНУ-ын тагнуулчид БНАСАУ-тай нууцаар холбоо барих болсон тухай дипломат эх сурвалжуудаасаа эш татан “CBS news” мэдээллээ. Саяхан Америкийн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон, Тагнуулын төв газрын дарга асан Майк Помпео уг санаачилгыг дэмжсэн гэнэ.
Америкийн Төрийн тэргүүн Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны түүхэн уулзалт Шведийн нийслэл Стокгольм хотод ирэх тавдугаар сард болж магадгүй. Учир нь Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Шведэд айлчилсан билээ. Мөн тус улс нь БНАСАУ-тай дипломат харилцаатай Өрнөдийн цөөн орны нэг юм.
Харин хоёр Солонгосын төлөөлөгчид ойрын хугацаанд Финландын нийслэл Хельсинк хотод уулзах гэж байгаа нь БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын Шведэд хийсэн айлчлалтай холбоогүй хэмээн Финландын ГХЯ-ны төлөөлөгч Веса Хяккинен мэдэгджээ. “Энэ нь Зүүн хойд Азийн байдлыг ерөнхийд нь авч хэлэлцдэг цуврал уулзалтуудын нэг юм. Уулзалтад хэд хэдэн орны төлөөлөгч оролцоно. Гэхдээ уулзалтын үеэр улс төрийн аюулгүй байдлын асуудал хөндөхгүй. Тодруулбал, эл уулзалт Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын Шведэд хийсэн айлчлалтай холбоогүй” гэж тэрбээр тэмдэглэжээ.