ОХУ-ын Сонгуулийн төв комисс саналын хуудасны 99.84 хувийг тоолсон байдлаар В.Путин 76.66 хувийн санал буюу 56.2 сая гаруй сонгогчийн дэмжлэг авчээ. Энэ нь тус улсын түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа оролцож, ялсан. 2000 оны сонгуульд 52.9, 2004 онд 71.31, 2012 онд 63.6 хувийн санал авч байжээ. 2008 онд Д.Медведев 70.3, Б.Ельцин 1996 онд 53.8, 1991 онд 57.3 хувийн санал авч байв. Үүний сацуу саяын сонгуульд 107 сая сонгогч бүртгэгдсэний 67.4 хувь нь саналаа өгсөн байна.
Энэ удаагийн сонгуульд Коммунист намын П.Грудинин 11.82 хувийн санал авсан үзүүлэлтээр нэр дэвшигчдийн жагсаалтын хоёрдугаарт, Либерал-ардчилсан намын В.Жириновский 5.68 хувийн саналаар гуравдугаарт бичигджээ.
Дээрх мэдээллээс үзвэл В.Путин бусад өрсөлдөгчийн авснаас бараг 3.5, хамгийн ойрын өрсөлдөгчөөс 6.5 дахин олон санал авсан аж. Харьцуулан үзвэл 2012 оны сонгуульд тэрбээр хамгийн ойрын өрсөлдөгч Коммунист намын Г.Зюгановоос 3.7 дахин олон санал авч байжээ.
Манайд оршин суугаа ОХУ-ын 1249 иргэн (Улаанбаатарт 956, Эрдэнэтэд 204, Дархан-Уулд 89) саналаа өгчээ. Тэдний 82 хувь нь В.Путинийг дэмжсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд болно.
Санал тооллогын урьдчилсан дүнгээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болсон В.Путин сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулжээ. Тэрбээр “Тангаргаа өргөж, бүрэн эрхтэй болсныхоо дараа Засгийн газартаа өөрчлөлт оруулах, эсэх тухай ярина. Харин одооноос юуг, хэрхэн хийх хэрэгтэй талаар бодож байна” гэв. Мөн 2030 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тус улсын Үндсэн хуульд нэг хүн хоёр дараалан Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хориглодог. В.Путиний бүрэн эрхийн хугацаа энэ удаа 2024 он хүртэл үргэлжлэх юм.
АЖИГЛАГЧДЫН БАЙР СУУРЬ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ВВС-гийн ажигласнаар 10.00 цагаас өмнө саналаа өгсөн хүний тоо өмнөх сонгуулийнхаас эрс ялгарч байжээ. Бараг бүх бүс нутгийн ор шин суугчид саналаа өглөө эртлэн өгөхөөр урт дараалал үүсгэн зогсох дүр зураг интернэтээр цацагдсан байна. Сонгогчдын эрхийг хамгаалах “Голос” хөдөлгөөний удирдагчдын нэг Г.Мельконьянцын ярьснаар төсвийн байгууллагынхан сонгогчдын идэвх өндөр байгааг харуулах таатай дүр зураг харуулахын тулд хэсгүүдэд тодорхой цагт тусгайлан уригдсан аж.
Зарим иргэнийг саналаа өгснөө “тэмдэглэхийг” шаарджээ. Жишээ нь, залуучууд санал авах байранд авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байв. Мөн хэсгүүдэд иргэдийг бөөнөөр нь “хүргэж өгсөн” тохиолдол гарсныг орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Тухайлбал, Екатеринбургийн нэг хэсэгт цагдаагийн тусгай отрядынхныг хоёр ч удаа хүргэсэн гэнэ.
Омскт оюутнуудыг хүчээр биш ч сонгуулиа өгөхийг шаардсан байна. Гэхдээ үүнд хууль зөрчсөн зүйл үгүй гэсэн тайлбарыг Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова өгчээ.
Үүний сацуу сөрөг хүчнийхэн сонгууль дахь оролцооныхоо улмаас маргасан гэнэ. Тухайлбал, Авлигатай тэмцэх санг үүсгэн байгуулагч А.Навальный сонгуульд нэр дэвшсэн, телевизийн хөтлөгч Ксения Собчакийг Кремлийн талд ажиллаж, санал хуваасан хэмээн буруушаасан байна.
ГАДААДЫН ОРНУУДЫН ЭРХ БАРИГЧДЫН МЭДЭГДЭЛ
БНХАУ-ын эрх баригчид ОХУ-ын Ерөнбэлтгэж эхэлснийг ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдээллээ. “Орос, Хятадын удирдагч жил тутам харилцан айлчилдаг уламжлалынхаа дагуу В.Путин энэ жил манай улсад ирнэ. Уг асуудлаар дипломат шугамаар Оросын талтай яриа хэлэлцээ хийж байна” гэж тэрбээр тэмдэглэв. Ирэх зургадугаар сард Хятадын Циндао хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Төрийн тэргүүн оролцох аж.
Сонгуульд В.Путин ялсантай холбогдуулан ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг Японы Засгийн газар хүсэж байна гэж тус улсын Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдэв. Өмнөд Курилын арлуудын асуудлаар Токио Москватай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж тэрбээр тодрууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялснаар манай гариг даяар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын шинэ үе эхлэх ёстой гэж Европын зөвлөлийн парламентын ассамблейн дарга асан, Испанийн сенатч Педро Аграмунт мэдэгджээ. Тэрбээр Төрийн думийн урилгаар сонгуульд ажиглагчаар оролцсон аж. “Миний ажигласнаар сонгуулийн үеэр ямар ч асуудал гарсангүй. В.Путин үнэмлэхүй олонхын санал авахыг би харлаа. Энэ нь бүх тив хоорондоо хамтран ажиллах, харилцан ойлголцох шинэ үеийн эхлэл болно хэмээн найдаж байна” гэж П.Аграмунт хэллээ.
Харин “Польш улс Крымийн нутаг дэвсгэрт Оросын Ерөнхийлөгчийн сонгууль явуулсныг хууль бус хэмээн үзэж байна” гэж ГХЯ-ных нь албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Украины эсрэг чиглэсэн Оросын үйлдлийг Атлантын далай дамнасан хамтын бүх нийгэмлэгийн хамт Польш улс шийдвэртэй эсэргүүцэж байна гэж уг баримт бичигт онцолсон аж.
ОХУ хэцүү түнш хэдий ч олон улсын асуудлыг Москватай хэлэлцэхгүйгээр шийдэх боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас илэрхийлэв. Тэрбээр Бельгийн нийслэл Брюссель хотод болох Европын холбооны гишүүн 28 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө ийн мэдэгдсэн байна. Солсберигийн хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-д хориг арга хэмжээ авах, эсэх талаар түүнээс тодруулахад “Европын холбооны гишүүн бүх улс Их Британийн талд байгаа. Уг асуудлыг одоо хэлэлцэнэ” гэжээ.