Их Британийн алдарт физикч Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө. Тэрээр өнөөдөр өглөө өөрийн гэртээ мөнх бусыг үзүүлсэн талаар гэр бүлийнхэн мэдэгдсэн юм.
Хар нүхний онолоор дэлхий дахинд танигдсан тэрээр олон жилийн турш булчингийн сулрал өвчнөөр шаналж байжээ. 1960-аад оны эхэн үед буюу 20 гаруйхан насанд нь өвчний шинж тэмдэг илэрч байсан тэрбээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн юм.
Түүний бүтээл болох "Цаг хугацааны товч түүх" ном нь өдгөө дэлхийн олон хэлээр орчуулагдаж 10 гаруй сая хувь борлогдсон байна. Стивен Хокинг дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчны нөхцөл болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж байв. Түүний хүүхдүүд болох Люси, Роберт, Тим нар "Бидний хайртай эцэг өнөөдөр дэлхийг орхин одлоо. Тэр минь агуу эрдэмтэн байгаад зогсохгүй хийсэн бүтээсэн бүхэн нь олон жилийн турш яригдах гайхалтай хүн байлаа" гэжээ.
Эх сурвалж: BBC