Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2018 оны 3 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ.
Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу 3 дугаар сарын 8-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын “Энэтхэгийн хаалга”-ны Дэлхийн I дайнд амь үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан, тус улсын Батлан хамгаалахын төрийн сайд Субхаш Бамрэ угтан авлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор С.Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, Армийн Штабын генерал Бипин Рават нартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагч нарыг БНЭУ-д үргэлжлүүлэн сургах, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалсан сургалтад манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохирлоо. Манай Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, харилцан туршлага солилцдог. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр Энэтхэг, Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, харилцааны асуудлаар санал солилцжээ.
Мөн хоёр орны парламентын гишүүд Монгол, Энэтхэгийн хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентад суудалтай улс төрийн намууд, олон нийтийн болон орон нутгийн байгууллагын ажил хэрэгч хэлхээ холбоог хөхиүлэн дэмжихийн чухлыг санал нэгтэй онцлон тэмдэглэв.
Найрамдлын бүлгийн хуралд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд оролцон баяр хүргэж, Элчин сайдын яамнаас эмхэтгэн хэвлүүлсэн “Монгол Хөх тэнгэр орон” ном, Монгол улсын соёл, урлагийн амьдралыг илтгэн харуулсан зургийн цомог зэргийг дурсгажээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам