АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хэлэлцээрийн ширээний ард суухад тун ойрхон иржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр орны удирдагчид ирэх тавдугаар сард уулзалт хийхээр төлөвлөж буй. Гэхдээ тус хоёр орны төрийн тэргүүнүүд гуравдагч оронд хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа юм. Манай улсын экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тус хоёр улсын удирдагчийн албан уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахад татгалзах зүйлгүй гэсэн санал дэвшүүлсэн нь гадны хэвлэлийн анхаарлыг татсан билээ. Тэгвэл “thediplomat.com” цахим хуудсанд манай улсад зохион байгуулах 8 шалтгааныг онцолсон байна.
Төвийг сахисан орон
Монгол улс 1990 онд ардчилсан хувьсгал гарснаас хойш төвийг сахисан орон болж, хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа тогтоох болсон юм. 2015 онд албан ёсоор төвийг сахисан орон гэдгээ дэлхий дахинд зарласан.
АНУ-тай найрсаг харилцаатай
Ардчилсан хувьсгал гарсан 1990 оноос АНУ-Монголын харилцаа шинэ түвшинд гарч, тэр үеэс өнөөг хүртэл хоёр орны харилцаа тасралтгүй хөгжсөөр яваа. Хоёр орны хооронд өндөр түвшний зочид төлөөлөгчид зочилж, америкчууд Монголыг ардчилсан хувьсгал руу амжилттай шилжсэн цөөн орны нэг гэж үздэг.
Хойд Солонгосын гуравдагч хөрш
Монголын гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосын нийслэлд зочилж, тус улсаас цаашид ажиллах хүч тогтмол авч байх гэрээнд гарын үсэг зураад буцсан. Түүнчлэн Солонгосын дайны үеэр хэдэн зуун хүүхдүүдэд тусламж үзүүлсэн туршлага бий.
Газарзүйн давуу тал
Монголын нийслэл Улаанбаатар хот бол Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнууд хялбархан зочлох боломжтой газар. Тэд Хятадын дээгүүр нисч эсвэл ОХУ, БНХАУ-ын төмөр замаар дамжин талын нутагт очих боломжтой. АНУ-ын хувьд ч ялгаагүй. Япон үгүй бол БНСУ-аар дамжин Монголд хөл тавих юм.
Өмнөх харилцаа
Хойд Солонгосын хувьд Монгол гурав дахь хөрш нь. Тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд оролцсон арга хэмжээг Монголд олон удаа зохион байгуулж байв. Үүний илрэл нь 2007, 2012 онд Япон болон Хойд Солонгосын Засгийн газрын албан тушаалтнууд уулзах хэлэлцээрийг Монголд зохион байгуулсан удаатай. Түүнчлэн Зүүн Хойд Азийн талаарх хэлэлцүүлэгийг Улаанбаатарт амжилттай зохион явуулахад Хойд Солонгосын гадаад хэргийн яамны орлогч сайд Ри Ён Хо оролцсон билээ.
Цөмийн зэвсэггүй бүс
Трамп-Ким хоёрын маргаантай сэдэв бол цөмийн зэвсгийн асуудал. Тэгвэл манай улс 2012 оноос цөмийн зэвсгийн чөлөөт бүс болсон билээ.
Холбоотнуудад ээлтэй хот Улаанбаатар
Трамп болон Кимийн уулзалт БНСУ-ын Засгийн газрын анхааралд байх нь дамжиггүй. Гэхдээ энэ уулзалтыг Монголд хийхийг хориглох шалтгаан тэдэнд үгүй юм. Япончуудын хувьд ч өмнө нь Монголд уулзалт хийж байсан тул хамгийн найдвартай газар нь Улаанбаатар мөн. Хэдийгээр Хятад болон Оросын тал энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тэдэнд татгалзах шалтгаан үгүй юм.
Чадавхи
Тус хоёр орны удирдагчдыг дагалдан цөөнгүй тооны чухал албаны хүмүүс Монголд ирэх нь тодорхой. Монголчууд өмнө нь Ази, Европын удирдагчдийн уулзалтыг 2016 оны зун амжилттай зохион байгуулсан туршлагатай. Үүнээс гадна ирэх тавдугаар сард Монголд цаг агаар хүйтэн, зэврүүн тааламжгүй байх тул гадаадын жуулчдын тоо эрс бага байдаг билээ.