Сирийн Зүүн Гута дахь босогчид тус улсын нийслэл Дамаск хотод байрладаг ОХУ-ын ЭСЯ, Худалдааны төлөөлөгчийн газар болон Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төв рүү гал нээсэн тухай тус төвийн дарга, хошууч генерал Юрий Евтушенко мэдэгдсэнийг ТАСС дамжууллаа. Босогчид өдөөн хатгах зорилгоор Засгийн газрын цэргүүд рүү байнга гал нээдэг гэж тэрбээр мөн мэдээлжээ.
Тодруулбал, сүүлийн 10 хоногт босогчид Дамаск руу 272 удаа мина болон тийрэлтэт сум харвасны улмаас 13 хүний амь үрэгдэж, 135 хүн, тэдний дотор гурван хүүхэд шархадсан байна. Энэ сарын 5-нд Тишрин эмнэлэг босогчдын харвасан суманд өртөж, 10 хүн амь эрсдэж, 49 хүн шархаджээ.
Сирийн байдал бүхэлдээ тайван болж, амьдрал хэвийн үргэлжилж буйг хошууч генерал тэмдэглэсэн байна. “Үүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2401 дугаартай тогтоол багагүй тус дэм боллоо. Уг баримт бичигт зааснаар Сирийн нутаг дэвсгэр даяар 30 хоног байлдааны ажиллагааг түр зогсоохоор заасан юм. Энэ тогтоолыг ерөнхийдөө мөрдөж байна. Сүүлийн өдрүүдэд зөрчлийн тоо буурлаа” гэж тэрбээр хэлэв.
Хүн амд хүмүүнлэгийн тусламж тасралтгүй хүргэж байна. Сүүлийн долоо хоногт л гэхэд НҮБ, Сирийн Улаан загалмай нийгэмлэгийн таван цуваагаар 854 тонн ачаа хүргэжээ. Тэрчлэн өнгөрсөн өдрүүдэд 400 дүрвэгч Сири дэх гэртээ харьсан гэнэ.
Үүний сацуу Оросын цэргийн тээврийн “AН-26” нисэх онгоц Сирийн нутагт осолдож, түүнд явсан цэргийн 39 алба хаагч амь үрэгдсэн болохыг ОХУ-ын БХЯ мэдээлэв. Уг онгоц Латакия хотоос холгүй орших нисэх хүчний Хмеймим баазад газардах гэж явахдаа осолдсон гэнэ. Ямар нэг халдлагын улмаас бус техникийн согог гарснаас агаарын хөлөг осолдсон хэмээн таамаглаж байна.
Тус яамны мэдээлснээр Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Оросын цэргийн 44 алба хаагч амь үрэгджээ.