Сирийн нутаг дэвсгэрт гал зогсоох 30 хоногийн дэглэм тогтоох тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн бямба гаригт гаргасан. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Зүүн Гута дахь босогчдын байрлал руу давшсан тухай ВВС мэдээлж байна. Энэ нь Сирийн нийслэлийн ойролцоох, босогчдын хяналтад өнөөг хүртэл байгаа томоохон бүс нутаг юм. Бүслэлт дэх бүс нутгууд, тэр дундаа Зүүн Гутагаас хүмүүнлэгийн тусламж хүргэж, шархдагсдыг гаргахын тулд НҮБ тогтоол гаргасан билээ. Исламын “Жейш аль-Ислам” бүлэглэлийн түшиц газар болсон Зүүн Гутад “Хайят Тахрир аль-Шам” босогчдын эвсэл үйл ажиллагаа явуулдаг. Уг эвслийг Сири дэх “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан удирддаг гэнэ.
Зүүн Гутаг бусад гурван газрын хамт өнгөрсөн онд Орос, Иран болон Турк мөргөлдөөнгүй бүсээр зарласан. Гэвч тэнд байлдааны ажиллагаа тасраагүй төдийгүй өнгөрсөн оны эцсээр мэдэгдэхүйц идэвхижсэн байна. Башар Асадын цэрэг тус хотод эрчимтэй цохилт өгчээ.
Герман, Францын удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс Б.Асадыг тогтоон барихыг хүссэн нь ёсоор болоогүй бөгөөд байлдааны ажиллагаа үргэлжилсээр, нотлогдоогүй ч гэсэн Гутагаас химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлж байна.
Ерөнхийдөө бүх зүйл урьдын адил. Дэлхийн олон нийт түгшиж, бүс нутгийн тоглогчид тус тусын зорилгоо хэрэгжүүлэн, энгийн иргэд тэсрэх бөмбөгт өртөж, өлсөж үхсээр.
Химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдэгдлийг НҮБ-ын тогтоолын эсрэг өдөөн хатгалга хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Гэхдээ “Жебхат ан-Нусра”-гийн босогчид, эсвэл исламын бусад бүлэглэлийг Сирийн сөрөг хүчнийхэн шиг олон улсын байгууллагын тогтоолыг биелүүлнэ хэмээвэл гэнэн хэрэг болно. Түүгээр зогсохгүй НҮБ-ын тогтоолд тусгайлан дурдсанаар гал зогсоох дэглэм “Исламын улс”, “Жебхат Ан-Нусра”, “Аль-Каида” болон исламын бусад бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд хамааралгүй юм.
Тэгвэл гал зогсоох болзлыг тодорхойлсны дараа л тогтоолыг биелүүлэхээ Сирийн эрх баригчид мэдэгджээ.
Дашрамд дурдахад, Зүүн Гута нь байлдааны идэвхтэй ажиллагаа өрнөж буй Сири дэх цорын ганц газар биш. Турк улс гэхэд үндэсний ауюлгүй байдалд нь заналхийлсэн хэмээн курдүүдийн эсрэг Сирийн хойд нутаг руу цэргээ оруулаад бүтэн сар өнгөрч байна.
ОХУ л ямар нэг хэмжээгээр Башар Асадын явуулж буй ажиллагаанд хяналт тавих боломжтой гэсэн Өрнөдийн шинжээчдийн таамаг тийм ч шударга биш хэмээн Их Британийн хатан хааны олон улсын харилцааны “Chatham house” хүрээлэнгийн хөтөлбөрийн хүрээнд “Ойрхи Дорнодын талаар баримтлах Оросын бодлого: шалтгаанууд ба аргууд” судалгаагаа саяхан нийтэлсэн аюулгүй байдлын шинжээч Николай Кожанов үзэж байна.