Нидерландын нийслэл Амстердам хотын ягаан гудамж буюу биеэ үнэлэгчдийн байрладаг хэсэгт жуулчид бөөнөөрөө зорчих хориотой болжээ. Хотын захиргаанаас гаргасан эл журмыг ирэх дөрөвдүгээр сараас мөрдөх бөгөөд таваас олуулаа тохиолдолд тусгай зөвшөөрөл авч, тус хэсэгт нэвтрэх юм байна. Мөн “дэнгийн эрвээхэйнүүдийн үүрэнд” очсон хэнбугай ч архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүйгээс гадна биеэ үнэлэгчдийн өөдөөс харахыг ч хоригложээ. 23.00 цагаас хойш ягаан гудамжинд зорчихгүй, тэндхийн хүүхнүүдийн зургийг авч болохгүй, оршин суугчидтай эелдэг харилцах ёстой гэхчилэн олон заалттай хууль журмыг зөрчвөл тухайн жуулчдыг ахалж яваа хүн, эсвэл хөтчийг 190, жуулчлалыг зохион байгуулсан компанийг 950 еврогоор торгох гэнэ. Хэрэв жуулчлалын компанийн нэр дээр гурван удаа гомдол ирвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүртэл цуцлах ажээ.