Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод 21 байршилд 16.000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм.
Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ аваад ажиллаж байгаа компаниуд 2 сарын 1 гэхэд үйл ажиллагааны тайлангаа нийслэлд өгч танилцуулах шаардлагатай байна. 3 сарын 1 гэхэд компаниудын үйл ажиллагааны тайлантай танилцаж шийдэх асуудлуудыг нь газар дээр нь шийдэж цаашид ажиллах боломжгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж дараагийн байгууллагуудад шилжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсаас 30-40 тэрбум төгрөгөөр дэд бүтэц бусад асуудлаа шийдүүлчээд орон сууцаа бариагүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөөгүй, зөвхөн байшингийн суурь ухаад орхичихсон байгаа компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар дээр дахин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах, газар чөлөөлөлтийн үнийн зохицуулалтыг хуулиар шийдвэрлэх гэсэн олон зүйлийг хуулинд тусгагдахаар ажиллаж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс дахин төлөвлөлт орсон иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээ хэт өндөр байгааг зохицуулалт хийх, орон сууцны борлуулалт зөвхөн газраа чөлөөлсөн иргэдэд хүрэхээс цааш борлуулалт байхгүй хоосон байрууд үлдэж байна. Энэ нь тухайн дахин төлөвлөлтийн бүсэд дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдүүлэх шаардлагатай байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муу байгаа, 8 хувийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудыг квотоор олгуулах гэсэн саналуудыг тавьсан юм.