Дэлхийн эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө гэсэн таамгийг Дэлхийн банк дэвшүүлээд, энэ салбарын сэргэлт өргөн хүрээг хамарна хэмээв. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдааны эргэлт тогтмол сэргэж, түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжин түүхий эд экспортлогч, хөгжиж буй орнуудын эдийн засагт эергээр нөлөөлсөн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засаг 2017 онд төсөөлснөөс илүү өссөн нь ийм таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
Үүний адил Монгол Улсын ДНБ-ийг 3.1 хувиар өснө хэмээн тус банк таамаглажээ. Төвбанкууд хямралын дараах арга хэмжээг аажмаар зогсоож, хөрөнгө оруулалт тогтворжиж байгаа зэргийн улмаас хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил 2.2 хувь болж, бага зэрэг удаашрах төлөвтэй байна. Харин түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа сэргэсний улмаас хөгжиж буй орнуудын эдийн засаг шинэ онд 4.5 хувиар өсөж, чангарах төлөвтэй.
Тус банкнаас гаргасан мэдэгдэлд 2018 он нь 2008 оны санхүүгийн их хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэж буй жил гэдгийг онцлон тэмдэглэжээ. 2016 онд дэлхийн эдийн засаг сэргэж, 2.4 хувиар өссөн. Харин өнгөрсөн онд гурван хувиар буюу 2011 оноос хойших хамгийн өндөр хувийн өсөлттэй гарах гэнэ. Өнгөрсөн жил дэлхийн улсуудын талаас илүү хувийнх нь ДНБ өссөн нь манай гаригийн эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж буйн тод илрэл гэж Дэлхийн банкны мэдэгдэлд онцолсон байна.
Гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт дахин саарч, 2019 онд гурав, 2020 онд 2.9 хувиар дээшлэх төлөв ажиглагджээ. Төвбанкууд нь мөнгөний нийлүүлэлтийг багасгах буюу хатуу бодлого баримтлахаас аажмаар татгалзах магадлалтай учир хөгжингүй улсуудын эдийн засгийн өсөлт энэ онд өнгөрсөн оныхоосоо ялимгүй бага буюу 0.1 хувиар саарч, 2.2 хувьд хүрэх төлөвтэй байна.
Харин хөгжиж буй улсуудын эдийн засаг өнгөрсөн оныхоос 0.2 хувиар илүү буюу 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд 4.7 хувь болж нэмэгдэх гэнэ.
Дэлхийн банк энэ онд Хятадын эдийн засаг 6.4 хувиар өснө хэмээн таамагласан бол ОХУ-ынх 1.7 хувь байна гэв.
“Дэлхийн эдийн засгийн сэргэлт өргөн цар хүрээг хамарч буйд санаа амрах болоогүй. Энэ нь хүн болон капиталд дэлхийн улс орнууд хөрөнгө оруулах сайхан боломж юм. Дэлхийн бодлого боловсруулагчид эдгээр гол хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулснаар улсынхаа бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчнийг нэмэгдүүлж, үгээгүй ядууралд цэг тавих зорилгодоо хүрэхэд илүү ойртож, хамтран хөгжин цэцэглэх боломж бүрдэнэ” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким хэлсэн байна.