- Олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж өнгөрсөн долоо хоногт өрөө өрөөр төллөө. Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис бондын өрийг төлөх гүйлгээг баталгаажуулж холбогдох албан тушаалтнууд Сангийн яаманд тайлагнасан юм. Өрийг шилжүүлэх үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ Монгол Улс энэ онд нийт 3.5 их наяд төгрөгийн их өр төлнө. Өнөөдөр 500 сая ам. долларын өрийн үлдэгдлийг бонд гаргаж нээлттэй шилжүүлж байна. Манай улс Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 1.5 тэрбум ам.долларын өндөр үнэтэй зээл авсан. Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсныг нь буцаан төлүүлж арга хэмжээ авах болно. Бид 500 сая ам.долларын үлдэгдэл 127 сая ам. доллар, хүү болох хоёр сая ам. долларыг төлж барагдууллаа. Сангийн яамнаас Монгол Улсын өрийн дэвтэр гаргасан. Үүний дараагийн өр бол нэг тэрбум ам. доллар байгаа” хэмээн тодотголоо. Энэхүү өрийг бондоос төлж байгаа гэж хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд цаашид нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа гэдгийг давхар дуулгасан.
-
Засгийн газрын шийдвэрийн дагуу Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК 100 хувь Монгол Улсын төрийн өмч болоод байгаа билээ. Тэгвэл энэ асуудалд хувьцаагаа алдаад буй "Монгол зэс корпораци"-ийн зүгээс олон улсын шүүхээр эрхээ хамгаалуулахаас өөр аргагүйд хүрээд байгаагаа мэдэгдсэн. "Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдэгдэхдээ "Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэрээ хэлцэл хийсэн мэтээр мэдэгдэж байгаа эсэргүүцэж байна" гэсэн юм.
-
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болж Засгийн газраас долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдэл боловсруулсан юм. Үүнд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах, түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг багтана.
-
Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар өнгөрсөн онд 7.8 хувиар буурсан дүн гарчээ.
-
УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой бусдыг садар самуунд уруу татсан гэх хэрэг олны анхаарлын төвд байгаа. Тодруулбал Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, өөрийн ичимдэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай дуулиан гарсан билээ.
-
Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулан, хугацааг уртасгахаар болов. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар арилжааны 10 банкнаас 230.8 мянган хүн 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар авчээ. Тэгвэл энэ сараас эхлэн иргэд тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүү нь сарын нэг, жилийн 12 хувь болж буурах нь.
-
Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.