Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Майнт марзан” гэдэг газар нутаглах малчин Ц-ийн 2 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэмийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай тогтоон ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр нар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Я.Алтанхундага болон холбогдох мэргэжилтнүүдтэй шуурхай хурал зохион байгуулж, шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг сонсч, цаашид авах хэмжээний талаар үүрэг, зөвлөмж өглөө.
Тухайлбал:
- Голомтын бүсэд байгаа иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв ойлголт өгөх,
- Иргэдийн ундны усны асуудалд анхаарах
- Голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнийг томилон ажиллуулах,
- Голомтын бүс дэх хяналтын постуудад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, эрүүл бүсэд тандалт явуулах,
- Мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллах
- Бүртгэлгүй, малаа вакцинжуулалтад хамруулаагүй, өвчний халдвар тархаасан малчинд хариуцлага тооцох зэрэг үүрэг, чиглэлийг өгөв.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад хорио цээрийн дэглэм тогтоон 32 постонд 86 хүн, 34 техник хэрэгсэлтэйгээр ажиллуулж байна. Мөн өвчилсөн малыг устгах бүлэг байгуулан устгалын 3 цэгт 123 малыг устгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.