Умард Солонгосын Хөдөлмөрийн намын цэргийн аж үйлдвэрийн хэлтсийн орлогч дарга Ким Жөн Сик, Төв хорооны хэлтсийнх нь нэгдүгээр орлогч дарга И Пхён Чхоль нарт АНУ-ын эрх баригчид хориг арга хэмжээ авчээ. ВВС-гийн уламжилснаар БНАСАУ үй олноор хөнөөх зэвсэг бүтээж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөөр байгаагийн хариуд тэднийг хар жагсаалтад оруулснаа Америкийн Сангийн яам мэдэгдсэн байна.
Энэ хоёр хүн Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хөтөлбөрүүдэд гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тайлбарлажээ. Тэднийг хар жагсаалтад оруулсан нь БНАСАУ-ыг бүслэн хаах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах зорилготой АНУ-ын кампанит ажлын нэг хэсэг болохыг тэрбээр тайлбарлажээ.
Мэдэгдэлд дурдсанаар Хөдөлмөрийн намын Цэргийн аж үйлдвэрийн хэлтэс нь Умард Солонгосын баллистик пуужин бүтээх хөтөлбөрийг хариуцдаг бөгөөд 2010 оны Төрийн департаментын хориг арга хэмжээний жагсаалтад орж байсан гэнэ. “Ким Жөн Сик нь баллистик пуужин бүтээх, тэр дундаа шингэн түлшнээс хатууд шилжихэд гол үүрэг гүйцэтгэсэн. И Пхён Чхоль нь тив хоорондын баллистик пуужин бүтээх хөтөлбөрийн гол оролцогч юм” хэмээн уг баримт бичигт дурджээ. Хар жагсаалтад орсон хүмүүсийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглож, тус улсын банкууд дахь дансыг нь хаадаг юм.
Үүний сацуу өнгөрсөн сард Умард Солонгосоос импортолсон ашигт малтмал болон бусад бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс буурсан тухай Хятадын Гаалийн алба мэдээлснийг “Ройтерс” уламжлав. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньянд авсан хориг арга хэмжээний тогтоолуудыг Бээжин мөрдөж буйн илрэл аж. Тодруулбал, хоёр талын худалдаа өнгөрсөн сард 380 сая ам.доллароор хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 36 хувиар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл БНАСАУ-аас авсан бараа бүтээгдэхүүн өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 61 хувиар буурч, 100 сая ам.доллар болжээ.
БНХАУ сүүлийн гурван сар дараалан Умард Солонгосоос далайн гаралтай бүтээгдэхүүн, хоёр сар дараалан нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал импортлоогүй гэнэ. Харин Умард Солонгост нефть, нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарлах тухай НҮБ-ын тогтоолын хүрээнд Хятад улс хоёр сар дараалан шатахуун экспортлоогүй. Олон улсын хамтын нийгэмлэг дарамт шахалт үзүүлж, хориг арга хэмжээ авч буй хэдий ч Умард Солонгос хоригийг ямар нэгэн байдлаар зөрчсөөр байгаа аж.
Гэрчүүдийн мэдэгдсэнээр умард солонгосчууд далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг усан болон хуурай замаар Хятад руу гаргасаар буй. Умард Солонгосын хөлөг онгоц болон аль улсынх нь тодорхойгүй өөр нэг хөлөг онгоцны багийнхан нефть бололтой барааг шилжүүлэн ачиж байгааг харуулсан гэрэл зургуудыг АНУ-ын Сангийн яам өнгөрсөн сард нийтэлсэн билээ.