Нийслэлд уржигдар цас орлоо. Багахан хэмжээгээр унасан тэр цас хүйтний эрчийг чангаруулж, шөнөдөө Сонгино, Яармаг, Нисэхийн орчим -29 градус хүрч, хотынхны тэвчээрийг шалгав. Түүнчлэн хотын авто зам шинэ цасны “ачаар” шил толь болж, машинууд явж ядан мөлхөх боллоо. Жавар тачигнасан өглөө 06.00-07.00 цагт шүүр, тэрэгтэйгээ ханьсан ажилдаа гарч, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэдэг хот тохижилтын ажилчид цас мөстэй хэрхэн “тулалдаж” буйг сурвалжиллаа. 09.00 цагийн орчимд 10 орчим цэвэрлэгч “Өргөө” кино театрын арын замыг хүрз, зээтүү зэргээр балбаж харагдав. “Өнөө цагт иймэрхүү ажлыг хийдэг дэвшилт технологийн техник хэрэгсэл өчнөөн байхад манай хот тохижилтынхон улаан гараараа замын мөсийг нүдсээр байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Харин хот тохижилтын ажилчид “Машин хүрэх боломжгүй булан тохой, нарийн замыг ийнхүү гараар цэвэрлэдэг. Бусад газарт бол техник хэрэгсэл хангалттай бий” хэмээсэн юм.
Энэ талаар нийслэлийн Хот тохижилтын газрын удирдлагаас тодруулахад “Өнөө жил чамлахааргүй олон техник хэрэгсэл, тусгай машин төхөөрөмж авсан. Тодруулбал, чийгтэй болон хуурай цэвэрлэгээ хийх 90 машин, бас бус техниктэй болсон” гэж ярив. Өмнө нь бол тэд 214 км зам, гурван сая ам метр талбайг улаан гараараа цэвэрлэдэг байсан гэнэ. Харин одоо зориулалтын машин шөнөдөө гудамжаар “хэсэж” цасыг сорж, цэвэрлэдэг болжээ. Уг машин хүрэх боломжгүй давчуу газрыг цэвэрлэгчид гараараа балбаж зогссонтой бид таарчээ. Зун ч гэсэн дэрсэн шүүрээ халж, ус шүршигчтэй машинаар зам, талбайгаа цэвэрлэдэг болсон гэсэн. Шүршигчтэй машин ашиглах болсноор нийслэлийн иргэдэд илүүтэй тохиолддог тоосжилтоос үүдэлтэй харшлыг 30-40 хувиар бууруулсан гэх судалгаа ч гарсан байна.
Өнөө жил хот тохижилтынхон 1200 тонн цас хайлуулах бодис, 111.4 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн хоёр сард 11 удаа их, бага хэмжээтэй цас орсон бөгөөд нөөцийнхөө 30 орчим хувийг зарцуулсан аж. Цаснаас гадна замд халтиргаа гулгаа үүсгэдэг өөр нэг аюул бий гэнэ. Энэ нь автомашины яндангаас гоождог ус. Сансарын тунель, Нарны гүүр, Энхтайваны гүүр, Баянхошууны Жанцан, Тойрог, Шар хадны зам дахь зарим өгсүүр хэсэгт машины яндангаас гоожсон ус хөлдөж мөстөн, халтиргаа нэлээд үүсгэдгийг санууллаа.
Гудамжинд зогсоо ажилчдын олонх нь ноосон малгайныхаа гадуур цамцнынхаа малгайг давхарлажээ. Утаа ихэсдэг оргил цаг болох үүрээр ажилдаа гардаг тул зарим нь амны хаалттай харагдана. Амьсгал давчдаж, хахаж цацаад байдаг учраас амны хаалтнаас сайн дураар татгалзах нэгэн ч байв. Нийслэлийн Хот тохижилтын газрын удирдлага 700 гаруй хүнийг зохион байгуулж, хотыг хогноос нь салгадаг төдийгүй халтиргаа, гулгаанаас сэргийлдэг байна. Тэдний 410 нь гудамжны хог, цас, мөсийг цэвэрлэдэг бол үлдсэн хэсэг нь Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан даваа зэрэг төвлөрсөн хогийн цэгт ангилан ялгах ажил хийдэг аж.
Гудамж, нийтийн эзэмшлийн талбай дахь хашлага, хайс, хөшөө дурсгал, эд зүйлд өлөн тоос суусан, эсэхийг та ажаад нэг хараарай. “Бараг л тоосгүй” гэж хот тохижилтынхон хэлсэн. Учир нь тэд зөвхөн зам цэвэрлэдэггүй, хашлага хайс, хөшөө дурсгалыг ч тогтмол арчиж цэвэрлэдэг. Бүр сардаа хоёр удаа зайлшгүй чийгтэй цэвэрлэгээ хийдэг юм байна. “Хахир хүйтэн өвлийн өдрүүдэд хашааны гаднах цасаа шүүрдчихдэггүй нийслэлчүүд нүцгэн гараараа угааж арчиж буй ажилчдын минь хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй” гэж нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав ярилаа.
Хот тохижилтын газрын шуурхай бүлгийнхэн өдөртөө завгүй өнждөг гэнэ. Хулгайч, тонуулч, ухамсаргүй иргэдийн эвдэж сүйтгэсэн эд зүйлийг ч тэд дуудлагаар газар дээр нь очиж засдаг аж. Газар дээр нь засах боломжгүйг засварын төвдөө аваачиж, сэлбээд буцаан байршуулдаг. Түүнчлэн зам цэвэрлэх явцад олдсон бичиг баримтыг мэдээллийн “1900-1950” лавлах компанийнханд хүлээлгэн өгдөг гэнэ. Нохой, муур устгах ажил хүртэл тэдэнд хамаатай аж. Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг гэр хороолол ихтэй дүүргийн золбин, эзнээ ойртуулахгүй догширсон, эсвэл халдвар авсан нохой, муурыг тэд л устгадаг. Он гарсаар 29 482 нохой, муур устгасан байна. Иргэд тэжээвэр нохой муураа хүзүүвч, пайзгүй, ямар нэг таних тэмдэггүйгээр гудамжинд сул тавих тохиолдол цөөнгүй гардаг нь тэдэнд нэлээд хүндрэл учруулдаг тухай тохижилтынхон хөндлөө.
Хогийн цэгүүдэд ажилладаг хүмүүс бүр ч хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдгээ “ховлов”. Улаанбаатар хотод байрлах гурван цэгт өдөртөө 2500-3000 тонн хог буулгадаг. Хот тохижилтынхноос гадна энд сайн дурын “ажилчид” мундахгүй. Хог түүж амжиргаагаа залгуулдаг хүн нэг цэгт ойролцоогоор 60-70 бий бөгөөд дахин боловсруулах түүхий эд түүдэг. Сайн дурын “ажилчид” албаныханд багагүй саад учруулдаг юм билээ. Дулаацах гэж асаасан түүдгээ унтраалгүй ил орхисноос, кабель утас шатааж гол зэсийг нь авах гэснээс өвөл, зунгүй түймэр тавьчих гээд байдаг аж. Тоолж барамгүй хорт бодис агуулсан хог хаягдлаас хэр зэргийн хөнөөлтэй утаа гарч, хотын иргэдийг хохироох нь ойлгомжтой. Тиймээс нийслэлийн Хот тохижилтын газраас тэдгээр иргэнийг бичиг баримттай болгохоор холбогдох газарт санал хүргүүлж, заримд нь ажлын байр олгох гэх мэтээр тоог нь аль болох цөөлөхийг эрмэлзэж буй гэнэ лээ. Бас эмнэлгийн үзлэгт хамруулж, олон улсын байгуулагатай холбож тусалдаг болсон гал түймрийн эрсдэлийг харьцангуй бууруулж, тохижилтынхоо ажилчдын хөдөлмөрийг хөнгөлж байгаа аж.
Гудамж цэвэрлэгчид лхагва, ням гаригт амардаг бөгөөд бусад үед үүр цүүрээс үдшийн бүрий хүртэл гадаа ажлаа хийнэ. Байнга гудамжинд ажилладаг учраас цэвэрлэгчдэд хувцас, хангамж хамгийн чухал байдгийг онцолсон. Хоёр жил тутамд тэдний хувцсыг сольдог. Олон удаа тендер зарлаж, шалгаруулалт хийсний үр дүнд өмд, хүрэмнийх нь чанар сайжирсанд сэтгэл хангалуун байв. Өвөлдөө хөлс нэвчиж, хөлдөөд байхгүй, зундаа хөлөргөж эвгүй үнэртэхгүй, “амьсгалдаг” материалтай хувцсыг ажилтнууддаа тарааж өгсөн байна. Харин хоёр жилийн өмнө үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж 500 хос гутал дотоодын үйлдвэрээс авсан нь баахан балаг тарьсан сурагтай. Дотоодын гутал чийг татдаг, ул нь амархан салдаг, зуузай муутай чанаргүй эд байсан гэж ажилтнууд голсныг албаны хүн хэлэв. Тиймээс энэ жил тендер зарлаж, судалгаа хийж аль чанартайг нь сонгохоор болжээ.
Энэ мэтээр хувцас хангамж, техник хэрэгсэл нь сайжрахын хамт иргэд ч зам, талбайн цэвэрлэгчдийг харьцангуй хүндэлдэг болсонд хот тохижилтынхон баяртай байлаа. Цэвэрлэгчийг машинаар дайраад зугтах, цонхоороо зандарч хараах, элдвээр хэлэх нь арай багассан гэнэ. Гэхдээ л иргэд өөрсдийн соёлоос давсан шаардлага тавьдаг хэвээрээ байгаа гэнэ. Зарим нь зажилсан бохио хээв нэг хаядаг, шүлсээ хэнэг ч үгүй нулимдаг, ундааны саваа шуудхан шулууддаг, хэвээрээ. Тэгсэн хэрнээ, зам цэвэрлэж буй ажилтнуудыг “Малаа замаас холд”, “Наадахаа зөөлөн шүүрдээч” гэж омогдон загнах нь энүүхэнд гэсэн.
Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүд өөрт ногдсон 50 метр газраа санаачилгаараа цэвэрлэчихдэггүй хойш суудгийг хэллээ. Цэвэрлэлээ гэхэд байгууллагынхаа өмнөх хэсгийг цэвэрлээд, цасаа гудамж руу асгаж, хот тохижилтынхны ажлыг хүндрүүлдэг байна. Хэдий тийм боловч цэвэрлэгчид ажилдаа дуртай, өөдрөг үзэлтэй. Тэднийг тогтмол сургалтад хамруулдаг бөгөөд замын хөдөлгөөн эхэлсэн үед гудамж талбайн аль хэсгийг цэвэрлэх, тэрэг хаана байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд яах вэ зэргийг заадаг юм байна.