Зөвхөн DAB тоон форматын радио нэвтрүүлэгт шилжсэн, дэлхийн анхны улс нь Норвеги боллоо. Энэ оны турш тус улсын Телевиз, радиогийн компани FM нэвтрүүлгээ аажмаар хаасан байна. Тоон системд радиогийн томоохон станцууд бүгд шилжсэн. Гэхдээ орон нутгийн 200 гаруй радио станц 2022 он хүртэл FM-ээ ашиглахаар болсон гэнэ. Албан хүчээр шилжсэн явдал нь тус вант улсын нийслэлд FM долгионоор хөгжим, гадаадын радиостанц дамжуулах зэрэг нууц үйл ажиллагаа явуулахад хүргэсэн тухай “Aftenposten” сонинд мэдээлжээ.
Үеэ өнгөрөөж буй FM радиогийн оронд орчин үеийн стандартад бүрэн шилжих тухай шийдвэрийг Норвегийн парламент хэдэн жилийн өмнө удаан хэлэлцсэний дараа баталсан аж. Ингэж шилжихэд шинэ тоон радио хүлээн авагч, автомашины DAB систем худалдан авах шаардлагатай болсон тул тус улсын иргэдийн гуравны хоёр нь эхлээд эсэргүүцэж байжээ.