Хөрш Бангладеш руу дүрвэсэн рохинжчуудыг нутагт нь ирэх оны хоёрдугаар сараас ирүүлэхээр Засгийн газар нь аль хэдийнэ бэлтгэж эхэлсэн гэж Мьянмарын Ерөнхийлөгч Тхин Чо мэдэгджээ. Ерөнхийлөгчийн хувиар тэрбээр Японд анх удаа айлчилж, NHK-д ярилцлага өгөхдөө ийн хэлжээ. Тхин Чо рохинжчуудын асуудлаар гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад мөн анх удаа ярилцлага өгсөн нь энэ юм. “Рохинжчуудын амьдрах орон байрыг барьж байна” гэж тэрбээр тодруулсан аж.
НҮБ-ын мэдэгдсэнээр, Мьянмарын Засгийн газрын цэргүүд өнгөрсөн наймдугаар сараас рохинж босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсний улмаас 640 мянган хүн тус улсын Ракхайн мужаас хөрш Бангладеш руу дүрвэсэн билээ. Рохинжчууд нь Мьянмарын үндэстний цөөнх бөгөөд исламын шашинт хүмүүс юм. Мьянмарын баруун нутгийн тус мужид нэг сарын хугацаанд 6700 гаруй рохинж хүн, тэдний дотор тав хүртэлх насны 730 хүүхэд амь үрэгджээ. Тэдний бараг 70 хувь нь сумны шархаа даалгүй, орон гэрийг нь шатаасан болон зодуулсны улмаас амиа алдсан гэж “Хил хязгааргүй эмч нар” хүмүүнлэгийн тусламжийн байгууллага мэдэгджээ.
Мьянмараас Бангладеш руу дүрвэсэн 2400 гаруй өрхийг хамруулсан судалгааны тайлангаа тус байгууллага танилцуулсан байна. Харин Мьянмарын Засгийн газар энэ мэдээллийг няцаан, “Цэргийн ажиллагааны явцад 400 хүн амиа алдсаны олонх нь босогч байсан” гэв. НҮБ Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан ажиллагааг үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа хэмээгээд, рохинжчуудын хямралыг шийдвэрлэхийг Мьянмарын удирдагч бөгөөд Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чигээс шаардсаар буй билээ.