Ирэх жил БНХАУ “гурван хүнд тулаан”-д хэрхэн ялахаа тодорхойлно гэж Коммунист намын Улс төрийн товчооны хуралдаанаар баталсан баримт бичигт дурджээ. Өнгөрсөн аравдугаар сард байгуулсан тус улсын удирдлагын шинэ бүрэлдэхүүн нь ядуурал, агаарын бохирдол, санхүүгийн асуудалтай тэмцэхийг гол зорилтоо болгосон байна. Эдгээрийг шийдэхийн тулд аль болох шинэ технологи ашиглах хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин үзэж байна.
Тус улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх дээрх зорилтууд нь Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний дараагийн таван жилийн үндэс суурь болох гэнэ. “Хятадын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зээлийн өсөлтийг тогтоон барих, санхүүгийн салбарыг бодит эдийн засаг болох чадавхыг дээшлүүлэх ёстой. Хэт их зээл авахтай сүүлийн жил тэмцэж буй нь аажмаар үр өгөөжөө өгч байна. Олон улсын тооцооны банкны сүүлийн мэдээнээс үзвэл 2017 оны хоёрдугаар хагаст Хятадын санхүүгийн бус байгууллагуудын өр 2011 оноос хойш анх удаа нэмэгдээгүй” гэж ОХУ-ын Хадгаламжийн банкны макро эдийн засгийн төвийн ерөнхий шинжээч Василий Носов мэдээллээ. Түүний үзэж буйгаар ирэх жил улсын бага, дунд компаниудын олонход үзүүлдэг дэмжлэгээ багасгах нь өрийг бууруулах ч эдийн засгийн өсөлтийн хурдцад сөргөөр нөлөөлөх аж. Дашрамд хэлэхэд, эдийн засгийн өсөлтийн хурдаа бус, чанарыг тэргүүлэх зорилтоо болгох улс төрийн жин Хятадын удирдагчид бий, эсэх нь чухал асуудал гэж В.Носов хэлжээ.
Уг баримт бичигт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг шинэчлэх шаардлагатайг тусгасан байна. Сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын хөөс үүсэж, орон сууцны үнэ хотоосоо хамаараад 6-12 хувиар өссөн гэнэ. Ирэх жил Улс төрийн шинэ товчооны эдийн засгийн бодлого энэ сарын сүүлчээр товлосон Эдийн засгийн ерөнхий бага хурлаар тодорхой болно. Энэ удаа уг арга хэмжээний ач холбогдол өндөр байх юм. Дараа жил Хятадын эдийн засаг сэргэж эхлэхэд нөлөөлсөн шинэчлэл, ил тод байдлын бодлогын 40 жилийн ой болно. Уг бодлогыг 1978 онд Хятадын шинэчлэлийн архитекторч Дэн Сяопин 1978 онд эхлүүлсэн билээ.
Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн Улс төрийн шинэ товчооны үүрэг гүйцэтгэх таван жилийн хугацаанд буюу 2021 онд Коммунист намын 100 жилийн ой болно. Тэр үед бага цэцэглэлтийн нийгмийг бүтээн байгуулахаар Дэн Сяопин төлөвлөсөн нь юуны түрүүнд, ядуурлыг арилгана гэсэн үг аж. Үүнийг зорилгоо болгож буйгаа Си Зиньпин удаа дараа тэмдэглэсэн билээ.
“Улс төрийн зорилтоо тодорхойлсноос үзвэл ядууралтай тэмцэхийг намын удирдлага нь нийгмийн тогтвортой байдлыг хангахыг ажлынхаа чухал хэсэг хэмээн үзэж буйг харуулж байна. Си Зиньпин нь “Ядуусыг хамгаалагч, ард түмний зарц” гэсэн имижтэй. Саяхан болон Хятадын эрх баригч намын их хурал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга улсынхаа хамгийн ядуу мужуудын нэг Гуйжоуг төлөөлөн оролцсон” гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Зүүн Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Игорь Денисов мэдээллээ. Түүний сануулснаар эрх баригч намын хувьд ядууралтай тэмцэхийг гол сэдвээ болгох нь чухал бөгөөд саяхан Бээжинд болсон үйл явдал намын нэр хүндэд цохилт болсон юм. “Саяхан хөдөлмөрийн цагаачдын оршин суудаг дүүрэгт гал түймэр дэгдсэний дараа нийслэлийн бага орлоготой хүн амыг хүчээр нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Цаг агаар хүйтэрч буйг үл харгалзан хуучин барилгуудыг олноор нь буулгахаа зарласан. Хотын захиргааны уг шийдвэр дэмжигчдийнх нь ч дургүйцлийг хүргэсэн” гэж И.Денисов тэмдэглэжээ.
Эцэст нь, байгаль орчны чанарыг сайжруулахын тулд бохирдуулагч гол бодисуудын хаягдлыг багасгахыг зорилтоо болгов.
Эдийн засгийн ерөнхий бага хурлын үеэр Си Зиньпин явуулж буй бүх шинэчлэлийнх нь үндэс болсон мэдээллийн урсгалд дүн шинжилгээ хийхийг уриалсан байна. Түүний хэлснээр улсын, нийгмийн, эрүүл мэндийн, шинжлэх ухааны байгууллагуудын талаар иргэдийн авдаг мэдээллийг төвлөрсөн болгох ёстой. Энэ уриалга нь иргэдийнхээ биеэ авч яваа байдалд тавих хяналтыг сайжруулахын тулд Хятадын удирдлагын боловсруулж буй нийгмийн зээлийн тогтолцооны төсөлтэй яв цав нийлж буй юм.