АНУ-д өнгөрсөн арваннэгдүгээр сард төсөөлж байснаас олон буюу 228 000 ажлын байр бий болжээ. Үйлчилгээ, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн салбар үүнд голлон нөлөөлсөн бөгөөд ажилгүйдлийн түвшин нь тогтвортой, 4.1 хувь байгааг BBC уламжиллаа. Энэ нь 2000 оноос хойших хамгийн доод түвшин юм. Тус улсад энэ хугацаанд 200 000 ажлын байр бий болно гэж эдийн засагчид өмнө нь таамаглаж байсан аж. Хувийн салбарт ажиллагсдын нэг цагийн ажлын хөлс жилийн өмнөхөөс 2.5 хувиар нэмэгдэн, 26.55 ам.долларт хүрчээ.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын ДНБ хоёр улирал дараалан гурав гаруй хувиар өсөөд байгаа юм. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ам.долларын ханш дээшилсэн бөгөөд баасан гаригийн байдлаар нэг ам.доллар 113 иен, 6.6209 юань, 59.1 рубльтэй тэнцэж байв. Дашрамд дурдахад, АНУ-ын Төвбанкны удирдлагуудын уулзалт энэ долоо хоногт болно. Энэ үеэр бодлогын хүүг нэмж магадгүй гэх хүлээлт үүсээд буй.