-Олон мянган цогцос чалх сайжруулах эм, далбаат онгоцонд зориулах мөнгө болж байна-
Америкийн олон арван компани хүссэн хүн бүрт цогцос, эсвэл эрхтэн хямд төдийгүй хуулийн дагуу худалдахад бэлэн гэж “Ройтерс” тодруулжээ. Талийгаачдыг сургалтын болон шашны зан үйлийн хэрэгсэл, чалх сайжруулах бэлдмэл болгож байна. Өнөөгийн цогцсын наймаачид хэрхэн ажилладаг вэ?
Өнгөрсөн онд “Ройтерс” агентлагийн сэтгүүлч Брайн Гроу АНУ руу хүний эрхтэн гаргах хялбар, эсэхийг тодруулахаар шийджээ. Биологийн материал худалддаг “Restore life” байгууллагын цахим хаягийг олоод, цахим хаяг нээж, “Хүний нурууны хүзүүний хэсэг, хүргэлттэйгээ ямар үнэтэй болохыг бид сонирхож байна. Судалгааны төсөлд ашиглах юм” гэж бичив.
Ердөө цагийн дараа цахим шууданд нь тус байгууллагын ерөнхийлөгч Жэймс Бирдээс захидал ирсэн байлаа. Өөрсдийнх нь тухай хаанаас олж мэдсэнийг сонирхжээ. Салбарынхаа харилцаа холбооны ачаар зөвлөгөө авсан хэмээн сэтгүүлч хариулсан байна. Ингээд чөлөөтэй харилцах болж, Бирд баримт бичиг ч нэхсэнгүй. Шууд л 300 доллар дээр нэмээд хүргэлтийн 150-ийг авна гэв. Сэтгүүлч зөвшөөрлөө.
Сарын дараа хаалга тогшсон нь хатуу бор цаасан хайрцаг барьсан “FedEx” олон улсын буухиа шуудангийн ачаа хүргэгч байв. Хайрцагт захиалсан бараа буюу 24 настай эрэгтэй хүний нуруу, хүзүүний хэсэг байлаа. Долоо хоногийн дараа Бирд дахин Гроу руу бичжээ. Ажил хэргийн харилцаагаа үргэлжлүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний толгойг тус бүрийг нь 300 доллароор худалдаж авахаар санал болгов.
“Ройтерс”-ын сэтгүүлчийн оронд хэн ч байж болох байв. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Restore life” шиг хэдэн арван байгууллага төлбөр хийхэд бэлэн хэнбугайд ч хүний эрхтэн шуурхай худалдаж байна.
ШАРИЛ УХАГЧИД
Хоёр зууны өмнө Европын эмч нар туршилт хийж, анатомийг нь судлах цогцос олж авахаар шинэхэн шарил нууцаар ухдаг байжээ. Ийм хэрэг байнга гардаг учир шарилыг төмөр тороор хамгаалсан нь ч бий. Их Британийн Лондоны оршуулгын газар онцгой алдартай. Тодруулбал, хүрз барьж ирсэн оюутнууд, талийгаачдын төрөл төрөгсөд хооронд мөргөлдөөн ч гарч байв.
1832 онд Их Британийн эрх баригчид ийм хэргийг эцэслэхийг оролджээ. Шарилын газар болон эмнэлгүүдэд хадгалагдаж байдаг, тэнд орхисон цогцсыг ашиглахыг Засгийн газар нь эмч нартаа зөвшөөрсөн аж. Шарил дээрэмдэх нь ч багасаж. Дараа нь дэлхийн олон оронд ийм хууль гарсан байна.
АНУ-д нас барсан хүний цогцсыг эрдэм шинжилгээ, сургалтын зорилгоор худалдах журмыг тодорхойлсон хууль өдгөө ч байхгүй. “Бидний ажиглаж байгаа асуудал хэдэн зуун жилийн өмнөх шарил ухагчдын байдалтай адилхан” гэж Миннесотагийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуульд цогцос хандивлах хөтөлбөрийн тэргүүн Анжела Макартур хэлснийг “Ройтерс” эш татжээ.
ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БИЗНЕС
“Ройтерс”-ын мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д хүний цогцос, эрхтэн наймаалдаг 25 компани, арилжааны бус есөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дотор хэд хэдэн муж улсад төлөөлөгчийн газартай том компаниуд байхын сацуу гэр бүлийн жижиг пүүс ч бий аж.
Бүтэн цогцос 10 мянган долларт хүрэх тохиолдол буй ч ихэвчлэн 3-5 мянгын хооронд хэлбэлздэг гэнэ. Дашрамд хэлэхэд, цогцсыг бүтнээр худалдаж авах нь ховор аж. Ихэнхдээ зургаан хэсэгт хуваадаг байна. Сэтгүүлчийн олж авсан ханшийн мэдээллээс үзвэл хөлтэйгөө их бие 3575, толгой 500, тавхай 350 долларын үнэтэй.
2011-2015 оны хооронд АНУ-д 50 мянган цогцос, 182 мянга гаруй эрхтэн худалдсан гэсэн мэдээлэл байдаг. Цогцсын наймаа муугүй ашигтай. “Ройтерс”-ын мэдээлснээр ийм бизнес эрхэлдэг Америкийн нэг компани ердөө гурван жилийн дотор 12.5 сая долларын орлого олжээ.
Найдвартай “зуучлагчид” нь тийм компаниудтай хамтран ажилладаг оршуулгын товчоод гэнэ. Тэд төлбөрийн чадваргүй хүмүүст шатаах зардлын оронд хамаатныхаа цогцсыг үнэгүй өгөхийг санал болгодог байна. Зөвшөөрвөл 300-1430 долларын шагнал өгдөг аж.
Зохицуулалтгүй аль ч зах зээлийн адил энд шударга бус явдал гардаг. Альцгеймер өвчтэй тэмцэгч судлаачдад нас барсан ээжийнхээ тархийг хандивласан Аризона муж улсын оршин суугчийн тухай “Ройтерс” өгүүлжээ. “Biological resource center” компани тэр эмэгтэйн цогцсыг аваад, гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр Америкийн армид 5893 доллароор худалдсан байна. Альцгеймертэй ямар нэг байдлаар тэмцэж буй тухай яригдсангүй. Цогцсыг дэлбэлээд, замд суурилуулсан тэсрэх төхөөрөмж хүний биед хэрхэн нөлөөлдгийг хэмжжээ. Үнэн хэрэгтээ цогцсыг зөвшөөрөл авсны дагуу ашиглалгүй, хууран мэхэлсэн болж таарав.
Худалдаж авсан цогцсыг ямар ч хүндэтгэлгүйгээр цахилгаан хөрөөгөөр мөчилж, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалах нь цөөнгүй. 2015 онд Лас-Вегасын эрх баригчдад “Southern Nevada donor services” компанийн талаар гомдол иржээ. Компанийн хашаан дотор хөлдүү цогцсыг цэцэрлэгээ усалдаг хоолойгоор ус цацан угааж байсныг байцаагчид илрүүлсэн байна. Цустай ус, цогцсын эд, эс гудамжаар урсаж байсан гэнэ. Оршин суугчдын гомдолд мэдүүлсэн, тэвчих аргагүй муухай үнэр хаанаас гараад байгааг удаан хайсангүй. Хөөж пэмбийсэн цогцостой, ажилладаггүй хөргөгчнөөс тэр үнэр нь гарч байжээ.
Хотын эрх баригчид тус компанид нөлөөлөх гээд хүчрээгүй гэнэ. Хашаан дотор цус урсаж байсан нь л ганц зөрчил болж таарав. Компани бага хэмжээний торгууль төлөөд өнгөрчээ.
АМЬГҮЙ “СҮЙТ БҮСГҮЙ”
Хятадын Замын цагдаагийн газар өнгөрсөн онд нэг автомашиныг зогсооход дотор нь гурван эр нэг эмэгтэйн цогцостой сууж байв. Нэг залуугийнх нь тайлбарласнаар уг эмэгтэй нөхөргүй нэгэн. Түүнд үхлийн тариа хийгээд, Шаньси муж руу аваачихыг залуу зөвшөөрчээ. Тэрбээр үнэхээр худал хэлээгүй бөгөөд зорьж очсон газарт нь сүйт залуу нь хүлээж байв. Сүйт залуугийн төрөл төрөгсөд амьгүй сүйт бүсгүйд 35 мянган юань өгөхөөр тохиролцсон аж.
Хятадад эхнэрийг нөхрийнх нь хажууд оршуулдаг ёстой. Тэгвэл хойд насандаа ганцаар амьдардаггүй гэдэгт олон хүн итгэдэг юм байна. Эхнэргүй бол төрөл төрөгсөд нь талийгаачид амьгүй сүйт бүсгүй олж, үхсэний дараа ч гэсэн хурим хийдэг гэнэ. Мэдээж энэ бол маш эртний ёс. Энэ тухай тус улсын “Гурван хаанчлал” сонгодог романд дурдсан байдаг бөгөөд зохиолын нэг баатар, цэргийн дарга Цао Цао амь үрэгдсэн хүүгээ 13 настай, талийгаач охинтой гэрлүүлдэг.
Амьсгал хураасны дараа гэрлэдэг ёсыг Хятадын эрх баригчид 1949 онд хориглосон ч өнөө болтол устаагүй гэнэ. Эмэгтэй хүний цогцсыг ихэвчлэн оршуулгын газраас хулгайлж, хар захад худалддаг аж. Шинэхэн, бүтэн цогцос 10 жилийн өмнө 30-40 мянган юанийн ханштай байжээ. Тэр цагаас хойш эрэлт нэмэгдэж, үнэ нь 100 мянган юаньд хүрсэн байна. Оршуулаад хэдэн жил болсон “сүйт бүсгүй” хямд гэнэ. Наймаачид ийм цогцсыг “хуурай бараа” гэдэг. 2007 онд ханш нь 500 юань байжээ.
Улсын мэдээллийн “Синьхуа” агентлагийн бичсэнээр 2013 оноос Шаньси мужийн нэг хошууны оршуулгын газраас булш ухагчид 27 цогцос хулгайлжээ. Үнэндээ илүү олон цогцос алдагдсан аж. 2015 оны мэдээллээс үзвэл тус мужийн зөвхөн нэг тосгоноос 14 цогцос хулгайлсан байв. Зарим бүс нутгийн оршин суугчид талийгаачдынхаа шарилыг ээлжлэн манаж, харж байхад амар гээд тосгон дотроо оршуулж, цемент цутгадаг гэнэ.
Худалдаж авсан, амьгүй “сүйт бүсгүй”-гээ алдахаас айдаг гэж Шаньси мужийн оршин суугч Жан Гайнун “Синьхуа” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Тэрбээр 180 мянган юаниар бүсгүй хүний цогцос авч, хүүгийнхээ хажууд оршуулсан байна.
АРАГ ЯС НУУЦААР ХИЛ ДАВУУЛАГЧИД
Энэтхэгийн Чхапра хотын автобусны зорчигч 2009 онд суудал доор нь хүний яс байгааг анзаарчээ. Түүнийг авч явсан хүнийг хэн нэгэн цагдаад барьж өгсөн гэнэ. Тэгэхэд түүний тээшинд дунд чөмөгний хэдэн арван яснаас гадна 67 гавлын яс байв. Баллия хотоос энэ бүхнийг 14 доллароор худалдаж авснаа тэр эр тайлбарлажээ. Хил дамнасан ийм хууль бус наймааг тэрбээр 10 жилийн өмнөөс эхэлсэн аж. Түүний Хятад руу гаргасан ясаар чалх сайжруулах бэлдмэл хийгээд Европ, Америкт худалддаг гэнэ.
“Ийм наймаа хийгчид сэжиг төрүүлэхгүйн тулд хүмүүс дунд орж, жирийн зорчигч тээврийн автобусаар аялдаг” гэж мөрдөн байцаагч хэлснийг Шотландын “National” сонинд эш татжээ.
Энэтхэг улс 150 жилийн турш хүний биеийн анатоми судлахад зориулдаг араг ясны томоохон нийлүүлэгч байсан гэнэ. Хүний цогцос экспортлохыг тус улсын эрх баригчид 1985 онд хориглох хүртэл тийм бизнес чөлөөтэй хөвөрч байв. Уг хориг нь албан ёсны бизнесийг эцэслэсэн боловч араг ясыг урьдын адил зөөсөн хэвээр гэнэ. Заримдаа түүгээр урьдын адил сургалтын гарын авлага хийж байна. Бас Хятадын эмийн түүхий эд болдог. 2007 онд цагдаагийнхан хэдэн зуун яс бүхий агуулах илрүүлжээ. Тэдгээрийг Бутан руу илгээх гэж байж. Тус улсын буддын хийдүүдэд хүний гавлын ясаар зан үйлд ашиглах дарсны сав, дунд чөмгөөр хөгжмийн зэмсэг хийдэг.
Хил давуулан нууц наймаа хийгчид талийгаачдын гэр бүлийнхэн нь явсны дараа шатаах гэж байсан цогцсыг хулгайлдаг байна. Үүнээс гадна ядуу гэр бүл талийгаачаа оршуулах мөнгөгүйн улмаас голд үйдэг нь наймаачдын олз болдог гэнэ. Ийм олзыг торонд ороож, голын усанд долоо хонуулахад зөөлөн эдийг нь загас, бичил биетүүд иднэ. Дараа нь их давстай усанд ясыг нь чанаад, наранд бас нэг долоо хоног хатаана. Ингээд хүний ясыг цайхаар нь давсны хүчилд дэвтээдэг гэнэ.
Ийм яс бэлтгэдэг жижиг үйлдвэрийн эзэн АНУ-ын сар тутмын “Wired” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дээрх аргаар бэлдсэн бүтэн араг яс 3000 рупи (50 орчим ам.доллар)-д хүрдэг гэжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Баруун Бенгалаас 365 хүний яс худалдах гэж байсныг илрүүлсэн юм. Ийм бизнес эрэлт ихтэй хэвээр бололтой.