“Нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудад байгалийн шатдаг хий нэвтрүүлэх төсөл”-ийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-аас санаачлан, хэрэгжүүлэхээр боллоо. Нийтийн тээврийн том оврын автобуснууд дизель түлш хэрэглэн, хорт утаа ихээр ялгаруулдаг. Тиймээс дизелийн хэрэглээг халж, ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн байгальд ээлтэй түлш болох шатдаг хийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр тус корпорацынхан ажиллаж буй аж.
Төслийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр 28.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үүнээс гадна нийслэлд байгалийн шатдаг хийн агуулахуудыг барихад шаардлагатай дэд бүтцийг нь давхар шийдвэрлэсэн байна.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ энэ талаар “Нийтийн тээврийн хэрэгслээс гарч байгаа хорт утаа, тортгийг байгальд ээлтэй технологиор шийдэхийн тулд нийтийн тээврийн парк шинэчлэлтэй уялдуулан шатдаг хий ашиглах нь үр дүнгээ өгнө” хэмээн ярилаа.