Төрийн алба хаагчдад 2017 онд багтаан 300 мянган төгрөг олгохоор улсын хэлэлцээрээр тохиролцсон боловч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй гэсэнтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ:
2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” хэмээн тодорхойлсон байдаг.
Гэвч Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага. Зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл цалин нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй.
Тийм учраас Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна.
Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 8-нд Баасан гарагт ЭМЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийхээс төлөвлөсөн байна. Цаашлаад хэрэв үр дүн гарахгүй бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд дагнан ажил хаялт хийх нөхцөл байдал үүслээ. Монголын төр хүнээ үнэлээч гэв.