Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргах ажил олгогч эздэд зориулсан гарын авлагыг Европын холбооны санхүүжилтээр гаргаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйр: Европын зах зээл Монгол шиг эдийн засагтай орнуудад хөгжих боломж олгон үүдээ нээж байна.
Европын холбооны улсуудад бүтээгдэхүүн экспортлоход тавигддаг GSP+ нөхцлийн найм нь хөдөлмөрийн асуудлуудтай холбоотой стандартууд байгаа.
Тухайлбал аливаа бизнес эрхлэгчдийн хувьд насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх нь хориотой. Хүүхэд бол насанд хүртлээ зөвхөн сурах эрхтэй. Мөн аж ахуйн нэгжүүд албадлагын доор үйл ажиллагаа эрхлэх ёсгүй.
Ямар нэгэн байдлаар хамтран ажиллагчдын хэн нэг нь бизнесийн харилцаандаа хүч хэрэглэж болохгүй. Түүнчлэн ажил олгогчид ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ зайлшгүй байгуулах шаардлагатай. Хэн нэгнийг ажилд авахдаа хүйс, шашин шүтлэг, насаар нь ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн үндсэн нөхцөл шаардлагууд бий.
МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Европын холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тавигддаг гадаад худалдааны нэмэлт GSP+, "Ready2Export" нөхцлийг хангаж буй байдалдаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн үнэлгээ хийх гарын авлага, үнэлгээний аргачлалыг бэлдээд байна.
Үнэлгээний аргачлал, асуулгын хуудсыг аж ахуйн нэгжүүд бөглөж, ашигласнаар тухайн байгууллагын бизнесийн нэр хүнд нэмэгдэж, нийгмийн хариуцлагатай ажил олгогч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоонд тогтвортой экспортлох нөхцлөө бүрдүүлж, улам өргөжүүлэх боломжоо хадгалж үлдэх юм.
Уг үнэлгээнд хамруулсан олон улсын хөдөлмөрийн болон хүний эрхийн хэм хэмжээний 10 норм, стандартуудыг ажлын байрандаа сахин хангаж байх нь олон улсын түвшинд хүрэх нэг эхлэл болно. Манай улс Европын холбооны улсуудад 7,300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах гэрээтэй.
Европын холбооны улсуудын зүгээс манайд худалдааны нэмэлт нөхцөл ганцхан шаардлагыг тавьдаг. Тэр нь тухайн байгууллага үйлдвэрлэлээ эрхлэхдээ хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй байх, хүний эрх, байгаль орчныг хамгаалах асуудлыг тусгасан, авлигагүй орчин зэрэг онцгой нөхцлүүд байдаг. Эдгээр нөхлцийг хангасан байгууллага бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй.
Одоогийн байдлаар байдлаар манай улс Европын холбооны улсуудад 80 гаруй сая долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. Тухайн байгууллагыг бүтээгдэхүүн экспортлоход тавигдах стандартыг хангаж буй эсэхэд хяналт тавих байгууллагыг бий болгоно" гэлээ.