"Гэрэлт Эдлэл" ХХК “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1,000 авдар үнэгүй тараах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Үндэсний тавилгыг 25 дахь жилдээ хийж байгаа "Гэрэлт Эдлэл" ХХК-ний захирал Н.Батхуяг: Эрт дээр үед айл болгон авдартай байсан. Гэтэл энэ өв соёл нь алдагдаж байна. Миний зорилго бол Монгол үндэсний тавилгыг дэлгэрүүлж, хөгжүүлэхэд оршино.
"Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё" уриатайгаар бид 1,000 ширхэг авдрыг үнэгүй тараана. Энэхүү арга хэмжээ нь үндэсний өв соёлоо дэлгэрүүлж, дээдлэх зорилготой. Энэ бол 5,000 авдрыг үнэгүй тараах үйл ажиллагааны эхний ээлж. Цаашид мянга мянгаар нь тарааж дуусгана. Нэг айл өрхөд нэг авдар тараах зорилготой. Бидний тараах гэж буй авдар 20,000 төгрөгөөр борлуулагддаг.
Түүний дотор бурхны авдар хэмээн эцэг өвгөдийн маш хүндтэй авдар байсан. Энэхүү бурхны авдар мартагдан, сүүлийн жилүүдэд мөнгөний мод, гахай гэх мэт зүйлсийг шүтдэг болсон. Тиймээс бид энэ бүгдийг өөрчилж, 1,000 ширхэг бурхны авдар тараах гэж байгаа юм.
12-дугаар сарын 3-нд UB Palace-д бүртгүүлсэн хүмүүсийнхээ авдрыг өгч, үндэсний тавилгуудыг таниулах арга хэмжээг зохион байгуулна. Энэ өдөр буян хишиг дуудах ном хурна, дуучид ая дуугаа өргөнө, Монгол үндэсний өв уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд зэрэг олон үйл ажиллагаа болно.
Авдар авах хүсэлтэй хүмүүсийг бид Хайлаастад байрлах үйлдвэр дээрээ бүртгэж байна. Очихдоо иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй. Мөн бид аж ахуйн нэгжүүд рүү бидэнд шилдэг ажилчдаа санал болгох албан бичиг илгээж байгаа.