Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс Монголын аутизмын холбоотой хамтран аутизмын тухай ойлголтыг танилцуулж нийгэмд эерэг хандлага бий болгох зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 28 хорооны нийгмийн ажилтнууд болон өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдан тус эмгэгийн оношлогоо илрүүлэлтийг сайжруулах тал дээр харилцан туршлага судалсан юм.
Өнөөдрийн байдлаар, Монголын аутизмын холбоод 200 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, тус эмгэгийн шинж тэмдэг нь нярайн үеэс илэрч эхэлдэг ч 2 наснаас илүү их анзаарагддаг байна. Аутизмыг бүрэн эдгээх эмчилгээний арга одоохондоо байхгүй байгаа ч эрт үед нь оношлох боломжтой юм. Ингэснээр хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт, арга хэмжээг авч болохыг холбооны удирдлагууд онцолж байсан.
Аутизмын эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах бүрэн чадвартай болгох боломжтой. Дашрамд дурдахад, Монголын аутизмын холбоотой www.facebook.com/autism.assiociation.mongolia цахим хуудсаар дамжуулан холбогдож, дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авч болох юм байна.