Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэв.
Хэвлэлийн бага хурлыг Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ийржи Бродский, Консул Вацлав Добеш, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар хийв.
Шинэ системийн хүрээнд Шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх гэж буй өргөдөл гаргагчид ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 утасны дугаар руу залгах юм. Нэг виз мэдүүлэгч=нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүнд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар Шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх боломжтой. Ажил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлэх аж. Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар руу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагандаа хүрч ирээгүй тохиолдолд түүний оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй ба тухайн виз мэдүүлэгч шинээр ярилцлагын тов авах юм.
Түүнчлэн виз мэдүүлэгчид ярилцлагын тов тогтоох зорилгоор тус ЭСЯ-ны бусад дугаар руу холбогдохгүй байхыг энэ үеэр дуулгалаа. Мөн шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн системд зориулсан тусгай 70110223 дугаарын утасны бүх яриаг бичлэг болгон хадгалах гэнэ.
Элчин сайд Ийржи Бродский хэлэхдээ "Монгол Улсад хэрэгжүүлж байсан визапойнт бүртгэлийн систем энэ сараар хааж байна. Энэхүү системийг дэлхийн 37 оронд уг системийг хаасны нэг нь Монгол Улс юм. Ингэснээр Виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд зориулсан шинэ системийг энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжүүлэх болсноо үүгээр дуулгаж байна" хэмээн тодотголоо.
Виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах гэж байгаа тохиолдолд:
- Виз мэдүүлэгчийн овог, нэр
- Визийн төрөл эсвэл ямар төрлөөр оршин суух зөвшөөрөл хүсч буйгаа
- Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг
- Гадаад паспортын төрөл болон дугаар зэрэг мэдээллийг ойлгомжтой байдлаар хэлж бүртгүүлэх юм.
Үүний зэрэгцээ Чех Улсын Үндэсний баяр тохиосон өдрүүдэд утсаар ярилцлагын товыг тухайн өдрийн өмнөх өдөр болгон шилжүүлэх нь. Тухайлбал, 2018 оны хувьд 3 дугаар сарын 30-ны баасан гараг 3 дугаар сарын 29-ны пүрэв гараг руу шилжих юм. Тус Элчин сайдын яам дээр дурьдсан бүртгэл хийх зорилгоор visa_ulaanbaatar@mzv.cz хаягийг нээн ажиллуулж буй. Хэрэв бусад мэдээллийг тодотгох шаардлагатай бол http://www.mzv.cz/ulaanbaatar хаягаар орж мэдээллийг авах боломжтой юм.