Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан хоёр дахь өдрөө Хангарьд ордонд үргэлжилж байна. Өнөө өглөө эхэлсэн уг хурлаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг цогцоор нь хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “УИХ-аар энэ сарын 14-ны өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын төсвийн хуульд заасны дагуу төсвийг төлөвлөх явцдаа олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Нийслэлийн иргэний танхимд 9 дүүргийн 300 гаруй иргэн оролцсон “Улаанбаатар хотын 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан, төсөвт тусгасан” гэдгийг онцоллоо.
Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 630.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 78.8 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 169.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 21.2 хувийг тус тус бүрдүүлэхээр байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Хотын шуудын урсгал зардлын 31.3 хувь буюу 107.1 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардалд, 27.7 хувь буюу 94.8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд болон машин цагийн зардалд, 11.7 хувийг эзлэх 40.2 тэрбум төгрөгийг хот тохижуулах зардалд, 1.5 хувь буюу 5.2 тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 4.7 хувь буюу 15.9 тэрбум төгрөгийг “Бичил зээл” “ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” сан”-гийн зардалд тусгасан байна. Дээрх зардлуудыг төсөвт тооцон тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342.2 тэрбум төгрөг болж байгаа юм.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилж байгаа шилжүүлгийн орлого 16.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь 2017 онтой харьцуулахад 4.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна. Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг 2017 оноос 35.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 354.5 тэрбум төгрөг байхаар, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 9.7 тэрбум төгрөгөөр, нийт 364.2 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна.
2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111 тэрбум 585 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11 тэрбум 471.3 сая төгрөгийн , нийт 159 тэрбум 919 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 2018 онд Нийслэлийн төсвийн суурь орлогыг 660.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2.2 т дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн тэнцлийн ашгийн 60 хувь болох 208.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төслийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд танилцуулсан. Хот байгуулалт, нийгмийн салбар, авто зам, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах, хот нийтийн аж ахуйн салбарт нилээд ажил хийхээр төсөвлөж, төлөвлөсөнөө танилцууллаа. Гэр хороололын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, бичил цэцэрлэг байгуулах, жижиг гудамж хийх, эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтыг ажлуудыг ч хийнэ гэдгээ хэллээ. Төсөв хэдийн хүндхэн байгаа ч авто замын салбарт ч шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг тусгасан гэдгээ НИТХ- ын индэр дээрээс хотын дарга хэллээ.
“Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” танилцуулгыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” танилцуулгыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч. Однасан нар хийлээ. Тус хуралд Нийслэлийн аудитын байгууллага санал, дүгнэлтээ танилцуулсан. Хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна